Бавари мужид террорист халдлагууд гарсантай холбоотойгоор Германы канцлер Ангела Меркелийн нэр хүнд унаад байна. Үүнийг өчигдөр А Р Д теле сувгийнхний өчигдөр танилцуулсан олон нийтийн санал асуулгын дүн гэрчилж байна. Мянга гаруй хүн оролцсон судалгаагаар Канцлер Ангела Меркелийг дэмжигчид 47 хувьтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт юм.
А Р Д теле сувгийнхан үүнийг Канцлерийн цагаачлалын бодлоготой холбон тайлбарлаж байна. Судалгаанд оролцсон Германы иргэдийн 34 хувь нь канцлер Меркелийн хэрэгжүүлж байгаа цагаачлалын бодлогыг зөв зүйтэй гэж үнэлж байгаагаа илэрхийлсэн нь ч дээрхи тайлбарыг баталж байна. Энэ хооронд Христийн социал холбооны тэргүүн, Бавари мужийн ерөнхий сайд Хорст Зеехоферийн рейтинг санал асуулгын дүнгээр өндөр гарсан байна.
Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 44 хувь нь түүний бодлого үйл ажиллагааг нааштайгаар үнэлж байгаагаа илэрхийлсэн нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Тэрээр саяхан тус мужид гарсан халдлагатай холбоотойгоор Холбооны засгийн газрын цагаачлалын бодлогыг эрс ширүүн шүүмжилж байсан юм. Мөн Герман улс дүрвэгч, цагаачдын урсгал ихэссэнээс үүдэлтэй хямралыг даван туулах чадамжтай гэсэн канцлер Меркелийн байр суурьтай санал нийлэхгүй байгаагаа ч илэрхийлж байсан юм.
| Германы Канцлер Меркелийн нэр хүнд буурч эхэллээ | ||
| Үзсэн: 2329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.