АНУ Ливи дахь Исламын улс бүлэглэлийн байрлалуудад цохилт өгөх агаарын цэргийн ажиллагаандаа хамгийн Эй Ви-8Б Хариер сөнөөгч онгоцоо ашиглаж байна. АНУ Ливийн үндэсний зөвшилцлийн засгийн газрын хүсэлтээр ийнхүү агаарын цохилт хийж байгаа юм. Энэ хооронд Итали улс Америкийн байлдааны онгоцуудад цэргийн баазуудаа ашиглуулж, өөрийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг хийх боломж олгохоо илэрхийлж байна.
Энэ тухай Италийн батлан хамгаалах яамнаас Ливи дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг АНУ агаарын цэргийн ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласны дараа мэдэгдсэн юм. Америкийн талаас Италийн цэргийн баазууд, агаарын орон зайг ашиглах хүсэлт албан ёсоор гаргавал засгийн газраас зөвшөөрсөн хариу өгнө гэдгийг Италийн батлан хамгаалахын сайд Роберто Пинотти мэдэгдсэн юм. Мөн энэ нь тавьсан зорилгоо үр ашигтай, хурдан шуурхай биелүүлэх боломж олгоно гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна.
АНУ лалын хэт даврагчдын хяналтанд байгаа Сирт хотын ойролцоох Исламын улс бүлэглэлийн байрлалуудад өнгөрсөн 1-ний өдрөөс агаарын цохилт өгч эхэлсэн билээ. Мөн Марокко улсын эрх баригчид хил дээрхи түүний дотор Алжиртай залгаа хил дээрх хяналтаа чангатгах шийдвэрийг гаргасан тухай мэдээлэл өнөөдөр ирж байна. Энэ нь Америкийн агаарын цэргийн хүчний цохилт эхэлсэнтэй холбоотойгоор Ливийн нутгаас хэт даврагчид орж ирэхийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой алхам юм байна.Үүний зэрэгцээ Исламын улс бүлэглэлийн эгнээнд Марокко улсын иргэд олноороо дайтаж байгаатай ч энэ шийдвэр нь холбоотой юм байна.
Хэт даврагч, террористууд өнгөрсөн онд Ливийн Сирт хотыг эзлэн авсан бөгөөд Исламын улс бүлэглэлийнхний гол түшиц газарт тооцогддог юм. Ливийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн 5-р сараас эхлэн зэвсэгт босогчдын байрлалууд руу дайрч эхэлсэн бөгөөд хэт даврагчид одоо Сирт хотын төвд бүслэгдчихээд байгаа юм.
АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн Ливи дэхь Исламын улс бүлэглэлийн байрлалуудад өнгөрсөн 2-р сард цохилт өгч байсан юм. Тухайн үед гол бай нь Ливийн баруун нутгийн Сабрата хот дахь жихадуудын сургуулилтын бааз нь байсан юм.
| Ливи дэх Америкийн агаарын цэргийн ажиллагаа үргэлжилж байна | ||
| Үзсэн: 1833 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.