Тайланд улсад ирэх ням гаригт болох бүх нийтийн санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж дуусчээ. Тайландийн иргэд тус улсын шинэ үндсэн хуулийн төслийг дэмжих эсэхээ энэ санал хураалтаараа илэрхийлэх ёстой юм. Шинэ үндсэн хуулийн төслөөр 2014 онд төрийн эргэлт хийж бүх эрх мэдлийг гартаа оруулсан цэргийнхний эрх үүрэг өргөжиж байгаа юм байна. Гэсэн ч цэргийн эрхтэнүүд энэхүү шинэтгэл нь Тайландад ардчиллыг эргүүлж авчрах эхний алхам хэмээн тодорхойлж байна.
Тайландын эрх баригчид бүх нийтийн санал хураалтын үеэр аюулгүй байдлыг чангатгаж 200 гаруй мянган цагдаагийн ажилтанг харуул хамгаалалтанд гаргахаар төлөвлөсөн байна. Иргэд олон нийтийн саналаа өгөх шинэ үндсэн хууль 279 зүйл заалттай юм байна. Энэ нь 2014 онд цэргийнхний үйлдсэн төрийн эргэлтээс хойш боловсруулсан 2 дахь төсөл юм байна.
Шинэ үндсэн хуулийн төслийг эхний төсөл парламентад унасны дараагаар байгуулагдсан үндсэн хуулийн ассамблейн гишүүд боловсруулсан юм. Гэвч эсэргүүцэгчид олон байна. Эрх баригчид бүх нийтийн санал хураалтаас өмнө шинэ үндсэн хуулийг дэмжихгүй байхыг уриалсан улс төрчид, идэвхтэнүүдийг олон арваар нь баривчилсан гэх мэдээлэл ч байна. Гол маргаан дэгдээж байгаа зүйл заалт нь онцгой тохиолдолд ерөнхий сайд болон парламентын дээд танхимыг сонгуульгүйгээр сонгох тухай юм.
Сөрөг хүчнийхэн цэргийн эрхтэнүүдийг сонгуульгүйгээр төр засгийн эрхийг үргэлжлүүлэн авахыг санаархаж байна хэмээн шүүмжилж байгаа юм байна. Цэргийнхэн 2014 оны 5-р сард үндэсний эвлэрэл уриан дор төрийн эргэлт хийсэн юм.
Гэвч иргэний засгийн газар эмхлэн байгуулах сонгууль 2017 онд болох бөгөөд үүнээс өмнө өөрсөддөө ашигтай шинэ үндсэн хуулийг батлахыг чармайж байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм.
| Тайландад болох бүх нийтийн санал хураалтын бэлтгэл хангагдаад байна | ||
| Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.