Шууд Chart

Ерөнхий сайд Д.Медведевийг огцруулах шаардлагад 100 мянган иргэн гарын үсэг зуржээ

2016-08-06 15:23:03

ОХУ-ын Засгийн газрын дарга Дмитрий Медведевийн хэдхэн хоногийн өмнө залуучуудын форум дээр хэлсэн үг цөөнгүй тооны багш, эмч нарыг эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэсэн байна. Тодруулбал, түүний хэлсэн үгэнд гомдсон 136 мянган хүн албан тушаалаас нь огцруулах шаардлагад  гарын үсгээ  зурсан тухай Оросын сайтууд мэдээлж байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев залуучуудын форумд оролцогчидтой уулзах үеэр Дагестанаас ирсэн залуу багш цалин  хөлстэй холбоотой асуулт тавьсан юм. Тэрбээр багш нарын цалин бага байгааг батлан харуулахын тулд хууль сахиулагчдынхтай  харьцуулан хэлж байсан юм. Тодруулбал, орон нутгийн багш нар дөнгөж 10-15 мянган рубль сардаа авч байхад хууль сахиулагчдын  цалин 50 мянган рубль хүрч байгаа талаар ярьсан байна. Гэтэл Ерөнхий сайд Дмитрий Медведев хэт бага цалиндаа  сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн багш нарт мэргэжлээ сольж бизнес хийхийг санал болгожээ. Энэ нь багш нарын эгдүүцлийг  төрүүлж орхисон төдийгүй Засгийн газрын тэргүүнийхээ үгэнд гомдсон эмч нар ч багш нартай нэгдэж чэйнз цэг орг сайт дахь  шаардлагад гарын үсгээ зурцгааж байгаа юм байна. Тус сайтад Оросын Засгийн газрын тэргүүнээс огцрохыг шаардсан 2 гомдол  бүртгэгдсэн бөгөөд санаачлагчид нь Александр Ли, Эльвира Насырова гэсэн нэр ч яригдаж байна. Тэднээс гадна багш, эмч нар бол зовлон нэгт ахан дүүс.

Хүмүүнлэг мэргэжил ч цалин ч, хүндлэл ч байдаггүй гэж Екатеринбургийн багш Пальшина бичсэнийг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. Мөн насаараа багшийн ажил хийсэн Татьяна Петрова сарын 9-хөн мянган рублийн тэтгэвэртэй тул хашааны цэвэрлэгч хийдэг  жишээг ч зарим хэвлэл гарган тавьж байна. Энэ хооронд Кремль Ерөнхий сайд Дмитрий Медведийг огцруулах шаардлагатай  танилцаагүйг Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн  байна.

Тэрбээр танилцах эсэх нь ямар агуулгатай гэдгээс хамаарна гэдгийг нь онцолсон байна.  Ер нь багш нарыг мэргэжлээ сольж бизнес  хий гэдэг зөвлөгөө өгсөн анхны  улс төрч  нь  Ерөнхий сайд Дмитрий Медведев биш гэдгийг "Би Би Си" агентлаг сануулж байна.  Өмнө нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Азейрбайджаны депутатууд  боловсролын салбарт ажиллагсдад хар ажил хийхийг санал болгож байсан байна.

Мөн Латвийн Ерөнхий сайд Страуюма сургуулийн багш нарт чөлөөт цагаар мод  бэлтгэгч хийхийг  зөвлөж байжээ. Үүний зэрэгцээ  ажил мэргэжлээ сольж бизнес хийгээд амжилтад хүрсэн түүхтэй хүмүүс Орост цөөнгүй байдгийг бас энэ үеэр сануулж байна. Тухайлбал, Нэгдсэн Орос намаас Думд сонгогдсон Андрей Скоч, Ерөнхийлөгч Путины анд, жүдогийн дасгалжуулагч Аркадий болон Борис Ротенберги, Тэрбумтан Андрей Гурьев, Новороссийск боомтын эзэмшигчдийн нэг Александр Скоробогатько нарыг нэрлэж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхий сайд Д.Медведевийг огцруулах шаардлагад 100 мянган иргэн гарын үсэг зуржээ  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй