Казахстан улсын нэрийн өмнөөс “Рио-2016” оны олимпийн наадамд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн Монгол Улсын харьяат Галбадрахын Отгонцэцэгтэй фейсбүүкээр холбогдож, цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр дээрх улстай гэрээ байгуулахдаа гадаад, дотоодын сайт, сонин, телевизэд ярилцлага өгөхгүй гэж тохиролцсон болохоор дэлгэрэнгүй ярихыг хүссэнгүй.
-Олимпийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Одоо “Айдгаа авдрандаа хийнэ” гэдэг боллоо. Медальдаа сэтгэл амарч байна уу эсвэл чансааг нь ахиулах боломж байсан ч чадсангүй гээд харамсаж байна уу?
-Аль аль нь бодогдож байна.
-Мөнгөн медаль хүртсэн тамирчинг ялах боломжтой байсан биз дээ ..?
-Байсан. Гэвч болсонгүй дээ. Өнөөдөртөө угаасаа дийлэхээргүй байсан юм байлгүй.
-Хэд дэх тойргийн барилдаан чанга байв аа?
-Нэгдэх тойрогт барилдсан Т.Лимагтай хийсэн барилдаан. Миний барилдаан түүнийхтэй таардаггүй юм. Тиймээс би дэвжээнд гарахаасаа өмнө багшийнхаа зөвөлснөөр мөн судалгаандаа үндэслэж барилдсан. Би түүнтэй 2012, 2015 онд болсон олон улсын томоохон тэмцээнд таарч барилдахдаа ялагдаж байсан. Харин энэ удаа миний ялалтаар өндөрлөлөө.
-Таныг хүрэл медаль хүртсэнд Казахстанчуудаас илүү Монголчууд баярлаж байна. Медалиа гардаж, төрийн далбааг мандуулахдаа “Монголынхоо төрийн далбааг ингээд мандуулсан бол...” гэж бодож байв уу?
-Мэдээж тэгсэн. Гэхдээ би Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг найздаа болон өөртөө боломж олгохын тулд Казахстаны иргэн болсон шүү дээ. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгоорой.
-Казастаны Соёл, спортын яам танд 26000 тэнге буюу 75000 ам.доллар гардуулахаар болсон гэсэн ..?
-Дээрх улс тус яамнаасаа алтан медаль хүртсэнд нь 250, мөнгөн медаль хүртсэнд нь 150, хүрэл медаль хүртсэнд нь 75 мянган ам.доллар олгоно гэж заасан байдаг юм билээ.
Үүнээс цааш нэлээн олон асуулт тавьсан боловч тэрбээр “Уучлаарай, хариулах боломжгүй байна” гэв. Гэрээ л бол гэрээ учир бидний яриа энэ хүрээд өндөрлөлөө.
Г.Отгонцэцэг: Хүрэл медаль хүртсэн ч чансааг нь ахиулах боломжоо алдсанд харамсаж байна | ||
Үзсэн: 16202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.