Өчигдөр Японы Хирошима хотод 71 жилийн өмнө тус хотод атомын бөмбөг хаясны уршгаар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болов. Хирошима хотын энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ ёслолд Японы Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, дэлхийн 91 орны төлөөлөл гээд нийтдээ 50 мянган хүн оролцлоо. Тэдний дотор НҮБ, Европын Холбооны төлөөлөгчид ч байсан байна.
Энэ жилийн ёслолын ажиллагаанд Конго, Арабын нэгдсэн Эмират улсын төлөөлөгчид анх удаагаа оролцсон байна. Хирошимагийн бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаан дээр тус хотын захирагч Кадзуми Мацуи хэлсэн үгэндээ эв санаагаа нэгтгэн дэлхий нийтийг цөмийн зэвсгээс ангижруулахыг ажил хэрэг болгон шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн тэрээр өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Хирошима хотод АНУ ын Ерөнхийлөгч Барак Обама айлчилж ирснийг сануулж байв.
Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ цөмийн зэвсэгтэй болон зэвсэггүй бүх улс орнуудад хандаж хамтран ажиллахыг уриалсан юм. Мөн дэлхийн улс орнуудын удирдагчид, залуу хойч үеийнхэн атомын бөмбөгийн аюул уршгийг мэдэрч, цөмийн зэвсгээс ангижрах хүчин чармайлт гаргахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийллээ. Одоогоос яг 71 жилийн өмнө Америкийн агаарын цэргийн хүчнийхэн Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаясан. 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр хаясан атомын бөмбөгний дэлбэрэлтээс болж 140 мянган хүн амиа алдсаж, хожим нь дэлбэрэлтээс амьд гарсан олон хүн хорт туяаны хордлогоос үүдсэн өвчнөөс болж олноороо амиа алдсан гэдэг. Өнгөрсөн оны наймдугаар сарын 6-ны албан мэдээгээр Хирошима хот дахь атомын бөмбөгдөлтөөс болж хохирсон хүний тоо 298 мянгад хүрсэн байна.
| Атомын бөмбөгдөлтөд өртөж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ | ||
| Үзсэн: 1535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.