Улс орон даяар өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ид хийгдэж байна. Дорнод аймгийн тухайд байгалийн хадлан бэлтгэх ажилдаа оржээ. Нутгийн ихэнх хэсэг нь гантай болон гандуу байна. Байгалийн хадлангаар аймгийнхаа хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байгаа учраас орон нутгийн удирдлагууд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим шийдвэрүүдийг гаргажээ.
Энэ зуны тухайд Дорнод аймагт зургаадугаар сард зуншлага сайхан эхэлсэн боловч долоодугаар сарын хэт халалт болон хур бороо ороогүйн улмаас өвс ногоо гандаж гангийн шинжтэй болсон юм. Хөдөө аж ахуйн газар, цаг уурын байгууллагаас гаргасан судалгаагаар нутгийн дунд болон хойд хэсгээр гантай, гандуу байна. Энэ нь нийт нутгийн 40 гаруй хувийг эзэлж байна. Тодруулбал, Баяндун, Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чойбалсан сумын нийт нутаг дэвсгэрийн 50-иас дээш хувь нь гантай байна.
Иймд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол ажил болох байгалийн хадлан авахад хүндрэлтэй байгаа тул ийнхүү сумдын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж хэрхэн хамтран ажиллах, байгалийн хадлангийн дотоодын хэрэгцээгээ хангах боломж, цаг хүндэрсэн тохиолдолд отрын бэлчээрийн боломж нөхцлүүдийн талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцон зарим нэгэн шийдэлд хүрсэн. Хэдийгээр гандуу болон гантай байгаа, хаврын түймэрт өртсөн нутаг бэлчээрээс хадлан бэлтгэх аргагүй боловч малын бэлчээр зай завсар, боломжит газруудад хадлан гаргаж сумынхаа хэрэгцээг хангахыг зорьж байгаагаа сумдын удирдлагууд ярьж байна.
Дорнод аймаг энэ жилийн байгалийн хадлангийн дотоодын хэрэгцээгээ хангаж, отрын бүс нутгуудаа тодорхойлж өвөлжилтөд бэлтгэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Дорнод аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь гантай байна | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.