XX зууны Монголын сэхээтнүүдийн нэг, орчин цагийн шинжлэх ухааны салбарт одоог хүртэл хувь нэмрээ оруулсаар байгаа Мэргэн гүн М.Гомбожавын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Түүний бага залуу насандаа шимтэн суралцаж байсан эрдэм нь хожим Монголын түүхэнд ямар, ямар ололтыг авчирч байсан үйл хэргийн талаар өнөөдөр эрдэм шинжилгээний хурал боллоо.

Мэргэн гүн М.Гомбожав нь бага наснаасаа эрдэм номд шамдан суралцаж, насандаа баймгүй их мэдлэг, чадвартай, шинжлэх ухаанч хүн байсан гэж монгол эрдэмтэд төдийгүй олон улсын судлаачид дүгнэдэг. Тэрбээр амьд ахуйдаа гадны сургуульд хамгийн олон удаа суралцсан нэгэн байсан бөгөөд өгүүлэл, шүүмж бичиж, орчуулга, түүхийн судалгаа хийж байжээ. Мөн олон улсын монголч эрдэмтэдтэй багш, шавийн харилцаа тогтоож, монгол судлалын эхийг тавилцаж байсан юм.
М.Гомбожав нь орос, франц, хятад, төвд хэлтэй хүн байсан. Тиймээс гадны улс орнуудаар явж Монголын тухай судалж, ховор нандин ном, судар олж түүнийгээ эрдэм шинжилгээний ажилдаа зориулдаг байж. Энэ нь тухайн үеийн монголчуудын дунд эрдэм мэдлэг л эрхэм баялаг байсныг илтгэж байсан гэж түүний гуч охин хэлж байсан юм. Түүгээр ч зогсохгүй тэрээр энэ их ажлын хажуугаар тухайн үеийн ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгаж байсан нь өнөөдөр 1930-аад оны үеийг харах түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болж дэлгэгдлээ.

Монголын анхны аспирант, толь зүйч, дуун хөрвүүлэгч, түүхч М.Гомбожав нь Сайн ноён хан аймгийн Хөндлөн Мэргэн засгийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт 1906 онд мэндэлж байсан. Тиймээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газар Гомбожав агсны мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хөтөлбөр гаргасан байна.

Монгол Улсын шинжлэх ухааны салбарт зориудаар бэлтгэсэн ууган эрдэмтэн гэгддэг Мөнх-Очирын Гомбожав ихийг бүтээх ид оргил насандаа буюу 1937 онд Ленинград хотод байхдаа хэлмэгдэж, баривчлагдан 1940 онд нас нөгчсөн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Мэргэн гүн М.Гомбожавын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна | ||
| Үзсэн: 4402 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.