АНУ-ын тагнуулын албаны ажилтнууд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Дональд Трамптай уулзалт хийсэн байна. Уулзалт Холбооны мөрдөх товчооны Нью-Йорк дахь салбарын байранд хаалттай нөхцөлд 2 цаг үргэлжилсэн бөгөөд уулзалтаар улс оронд тулгарч байгаа аюул заналхийллийн тухай ярилцжээ.
Тагнуулын албаныхны гол үүрэг нь нэр дэвшигч Трампад дэлхий нийтэд болон америкчуудын өмнө тулгамдаж буй асуудал, аюул заналхийллийн талаар танилцуулах явдал байжээ.
Одоогоор Дональд Трамп энэ уулзалтын талаар хэвлэлийнхэнд мэдэгдэл хийгээгүй байна. Тагнуулчидтай хийсэн уулзалтад Трампын ойрын туслахууд түүний дотор Нью-Жерси мужийн захирагч Крис Кристи, чөлөөнд гарсан хурандаа генерал Майкл Флинн нар ч оролцжээ.
"Си Эн Эн"-ий мэдээлснээр уулзалтын үеэр ОХУ, Умард Солонгос, Сири болон "Исламын улс" террорист бүлэглэлийн талаарх ерөнхий мэдээллийг өгсөн байж болзошгүй гэнэ.
Түүнчлэн уулзалтаар АНУ-ын нууц ажиллагаа, тагнуулын мэдээллийг цуглуулах арга барилын талаарх мэдээллийг нэр дэвшигчид өгөхгүй нь тодорхой гэж шинжээчид тэмдэглэжээ. Энэ төрлийн мэдээллийг зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчид л танилцуулж, илтгэдэг журамтай аж. АНУ-ын Ерөнхийлөгч намуудын дотоод сунгаа өндөрлөж, нэр дэвшигчид тодорсны дараа ийм уулзалт зохион байгуулах үүргийг тусгай албадад өгдөг байна.
Энэ уулзалт анх 1952 онд Ерөнхийлөгч Гарри Трумэний үеэс уламжлал болжээ.
| Дональд Трамп тагнуулчидтай уулзжээ | ||
| Үзсэн: 2625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.