Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сард Куба улсад айлчлахаар төлөвлөж байгаа талаар "Киодо" агентлаг Засгийн газрын эх сурвалжид тулгуурлан мэдээллээ.
Хэрэв Японы Ерөнхий сайд Кубад айлчилвал энэ нь тус улсын удирдагчийн эрх чөлөөний аралд хийж буй анхны албан ёсны айлчлал болох юм. Мөн хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зам, Японы компаниудын Кубын аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцэнэ гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Ирэх есдүгээр сарын сүүлчээр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулган болох юм. Японы Ерөнхий сайд энэ арга хэмжээнд оролцохын хамтаар Кубад айлчлахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн онд АНУ, Куба улс харилцаагаа сэргээж эхэлснээс хойш олон улс орон Кубатай харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг сонирхох болсны нэг нь Япон улс юм. Япон улс нь Кубыг хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх таатай улс орны нэг гэж үздэг байна.
2015 оны тавдугаар сард Кубад Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида айлчилж байсан бөгөөд энэ нь Японы Гадаад хэргийн сайдын Кубад хийсэн анхны айлчлал болж байсан билээ.
| Шинзо Абэ Кубад айлчлахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 1567 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.