Өчигдөр өглөө үүрээр Италийн төвийн бүс нутагт болсон 6.2 магнитутын хүчтэй газар хөдлөлтөөр амь үрэгдсэн хүний тоо улам өсөж байгаа тухай мэдээлэл ирж байна. Өнөөдөр өглөөний байдлаар газар хөдлөлтөөр амь үрэгдсэн хүний тоо 160 давсан гэж мэдээлж байсан бол өнөөдөр үдээс хойш 250 орчим боллоо гэж Италийн албаныхан мэдээллээ.
Мөн гэмтэж бэртсэн хүний тоо 380 гаруй гэж мэдээлж байгаа ч мөн л өсөх хандлагатай байна гэж Италийн аврах алба мэдэгджээ. Одоогоор нурангид дарагдаж, сураггүй болсон хүний тоо тодорхойгүй, аврах ажиллагааг тасралтгүй хийж байгаа юм байна. Газар хөдлөлт Италийн төв нутгийг нилэнхүйд нь хамарч, Аматрич хотод хамгийн хүчтэй мэдрэгдсэн бол Каша, Норча, нийслэл Ром хотод хүртэл чичирхийлэл мэдрэгджээ.
Газар хөдлөлтөд Аматрич хот хамгийн их өртөж, хотын ихэнх байшин барилгад нуралт үүсчээ. Тус хотод гамшгаас амьд үлдсэн хүмүүсийг майхан, түр хоргодох байруудад нүүлгэн шилжүүлсэн ч хүүхэд, өндөр настай хүмүүс ихээхэн зутарч байгаа юм. Италийн засгийн газраас 4300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг гаргаж, эрэн хайх, аврах ажиллагааг зогсолтгүй явуулж, хүмүүсийг барилгын нуранги дороос гаргаж авч байна.
Италийн геологийн судалгааны хүрээлэнгийн геологич, эрдэмтэд өчигдөр болсон 6.2 магнитутын хүчтэй газар хөдлөлтөөс хойш чичирхийллийн давтамжийг хянаж байгаа юм. Геологчдийн дүгнэлтээр, Италид болсон энэхүү газар хөдлөлт удаан явцтай болсон ч Африкиас Европ руу чиглэсэн хөрсний доорх чичиргээ тогтмол болдог юм байна.
| Италид газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо өссөөр байна | ||
| Үзсэн: 1446 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.