Шууд Chart

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеффийн хэрэг өнөөдөр шийдэгдэж магадгүй

2016-09-01 13:01:57

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеффийг улсын хөрөнгийг хууль бусаар зарсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлээд байгаа болохыг бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл түүний хэргийг шүүн таслах ажиллагаа өнөөдөр өндөрлөх магадлал өндөр байна.

Бразилийн хуулийн дагуу Ерөнхийлөгч аливаа гэмт хэрэгт буруутгагдвал түүний гэм буруутай эсэхийг тус улсын Дээд сенат тогтоодог. Хэрвээ Дээд сенатын 81 гишүүний 3\2-оос дээш хувь буюу 54 гишүүн гэм буруутай гэж үзсэн тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлж зохих хуулийн байгууллагад нь шилжүүлэн өгдөг журамтай. Хэргийг шүүн таслах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн бөгөөд Дээд сенатын гишүүд яллах, өмгөөлөх талын бүх гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцаад байгаа. Ерөнхийлөгч Дилма Руссеффийг дэмжигчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэд хэдэн удаа жагсаал цуглаан зохион байгуулаад байна. Зарим жагсаалыг цагдаагийн байгууллагынхан хүч хэрэглэн тараах шаардлага гарсны улмаас багахан хэмжээний мөргөлдөөнүүд болсон.

Түүчнлэн өчигдөр Бразилийн Дээд сенат Ерөнхийлөгч Дилма Руссеффийн гэм буруутай эсэхийг тогтоохоор 14 цаг хуралдсан боловч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй байна. Хурлыг ахалж буй Бразилийн дээд шүүхийн дарга Рикардо Левандовски сенатын гишүүд олон цаг хуралдсаны учраас зөв шийдвэр гаргах чадваргүй байна хэмээн үзэж шийдвэр гаргах өдрийг дахин нэг хоногоор сунгах шийдвэр гаргасан.

Харин Дилма Руссефф өөрийгөө ямар нэгэн буруугүй болохыг мэдэгдсээр байгаа бөгөөд нийт сенатын гишүүдэд хандан сөрөг хүчний улс төрийн энэ бохир тоглоомонд автахгүй байхыг зөвлөж, ард түмний сонголтыг хүндэтгэхийг уриалжээ.

Урьдчилсан санал асуулгаас харахад Сенатын гишүүдийн 52 нь Ерөнхийлөгчийг гэм буруутай хэмээн үзэж байгаа бол 18 нь түүнийг ямар нэгэн буруугүй гэсэн байна. Харин 11 гишүүн ямар нэг байр суурь илэрхийлэхээс татгалзжээ. Тиймээс Ерөнхийлөгч Дилма Руссефф үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх эсэх нь өөрийн байр сууриа илэрхийлээгүй 11 гишүүнээс хамаарах болно. Хэрвээ Дээд сенат Ерөнхийлөгч Дилма Руссеффийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргавал түүний дэмжигч ард иргэд олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх өндөр магадлалтай байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэл Бразил хотын хамгаалалтыг эрс чангатгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт дээд сенат гаргаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеффийн хэрэг өнөөдөр шийдэгдэж магадгүй  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй