Киргизстан дахь Хятадын элчин сайдын яамны гадаа дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас элчингийн хамгаалалтыг хариуцаж байсан Киргизийн цагдаагийн гурван албан хаагч шархаджээ. Одоо шархадсан хүмүүст эмнэлэгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлж байна.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар өчигдөр нэгэн суудлын тэрэг нийслэл Бишкек хот дахь Хятадын элчингийн хамгаалалтын төмөр хаалгыг хурдтай давхин ирж мөргөжээ. Гэмт этгээд хаалгыг цөм мөргөн элчингийн байр руу нэвтрэх санаа зорилготой байсан ч, хаалга түүний бодсоноос харьцангуй бат бөх байсан тул цөмлөж чадаагүй байна. Ингээд дотогшоо орж чадаагүй гэмт этгээд амиа золиослон элчингийн гадаа тэсрэх бөмбөг бүхий машинаа дэлбэлжээ.
Киргизийн Дотоод хэргийн сайд Яниш Разаков дэлбэрэлтийн улмаас Хятадын элчин сайдын яамны ажилтан, албан тушаалтнууд гэмтэж бэртээгүй болохыг цохон тэмдэглээд, дэлбэрэлтийн долгионы улмаас элчингийн төв хаалга эвдэрч, цонхнууд хагарсан гэдгийг мэдэгдлээ. Одоо Хятадын элчин сайдын яамыг өндөржүүлсэн хамгаалалтад аваад буй юм байна. Мөн учирсан хохирлыг яаралтай засч, янзлах арга хэмжээг авч эхэлжээ. Түүнээс гадна цагдаагийн байгууллага амиа золиослогчийн хэн болохыг тогтоохоор оролдож байна.
Өнөөдөр Киргизстан улсад ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносны баярын өдөр болж байгаа юм. Тусгаар тогтнолын баярын өмнө гэмт этгээд ямар санаа зорилготойгоор Хятадын элчин сайдын яам руу дайрах болсныг тогтоохоор Киргизийн цагдаа, цэргийн байгууллагууд шаргуу ажиллаж байгаа ч, одоогоор ямар нэгэн баттай мэдээлэл алга байна. Олон улсын мэргэжилтнүүд энэ халдлагыг Шинжаан-Уйгурын салан тусгаарлагчид үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглажээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Хуа Чун Ин мэдээлэл хийсэн байна. Тэрбээр халдлагын улмаас гэмтэж, бэртсэн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд харамсал илэрхийлээд, Киргизийн Засгийн газарт хандан гэм буруутай этгээдүүдийг яаралтай олж, шийтгэхийг уриалжээ.
| Хятадын элчин сайдын яамны гадаа дэлбэрэлт боллоо | ||
| Үзсэн: 2160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.