![](/uploads/201609/news/thumb/832e467891e1c098a03048989fc193a0_x3.jpg)
Олон айл өрхийн дунд хүлээлт үүсгэсэн ипотекийн зээлийг ирэх 10 дугаар сард багтаан шийдвэрлэж, цаашид хэвийн олгож эхэлнэ гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд мэдэгдлээ. Ипотекийн зээлийн хүүг хотод найм, хөдөө орон нутагт таван хувь болгохоор ажиллах аж. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байдалтай байгаа барилгын салбарынханд энэ нь бодитой дэмжлэг болно гэсэн хүлээлт үүсчээ.
Барилга.мн төвийн судалгаагаар зах зээлд 40 гаруй мянган орон сууц эзнээ хүлээж буй юм байна. Энэ том тоог задалж үзвэл зургаан мянган орон сууц нь ашиглалтад орж Улсын комисс хүлээн авсан, удахгүй ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа 25 мянга, мөн хуучны 12 мянга гаруй орон сууц бий. Өөрийн гэсэн байргүй иргэдийн 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа ажээ.
Наадмын дараахан зогсонги байдалд орсон ипотекийн зээл барилгын олон компанийг байраа хэрхэн борлуулж, банкнаас авсан зээлээ барагдуулах гэдэг хүндхэн сорилттой учруулсан. Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлснээр тэд өр зээлээ төлж, олон айл орон сууцанд орж, утааны асуудал ч гэсэн шийдэгдэх гарц болж байгаа юм. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанк, Сангийн яам шийдвэрлэхээр ажиллаж байгаа. М2 хэмжээг нэмэх үү, хүүгийн дарамтыг хэрхэн багасгах вэ гээд олон асуудлыг сайдын дэргэдэх ажлын хэсэг зохицуулах юм байна.
Эрсдэл багатай ипотекийн зээл хэрэгжсэнээс хойших гурван жил гаруйн хугацаанд 80 мянга гаруй өрх орон сууцтай болоод байна. Барилгын салбарыг бүхэлд нь хөдөлгөдөг энэ зээл нийгмийн дундаж давхаргын хүрээг тэлж байдаг давуу талтай. Угаалтуур, ханын цаас, дулаалгын материалын гээд үйлдвэрүүд хөгжиж, ажлын байр бий болгох гээд олон эерэг үр дүн авчирна. Тиймээс зогсонги байдалтай байгаа ипотекийн зээлийг хөдөлгөхөөр болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Ипотекийн зээлийн хүүг бууруулна | ||
Үзсэн: 3044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.