Өмнөд Солонгосын "Ренхап" агентлаг Умард Солонгосын Засгийн газар боловсролын салбарын төрийн дээд албан тушаалтнаа цаазаар авсан байж болзошгүй гэж мэдэгдлээ. Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан гаргасан учраас бодитой байж болзошгүй хэмээн гадны хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Өчигдөр Өмнөд Солонгосын нэгдлийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Жон Жун Хэ ийм мэдэгдэл хийсэн юм.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун 2011 онд төрийн эрх мэдлийг гартаа авснаас хойш дахин нэг төрийн дээд албан тушаалтныг цаазаллаа. Гэхдээ Умард Солонгос улс хаалттай учраас тэдний дотоодын үйл явдлыг баттай мэдэх бололцоо гадны улс орнуудад бараг байдаггүй. Тиймээс Умардад болж байгаа аливаа үйл явдлыг тэдний алхам бүрийг анхааралтай ажиглаж байдаг Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагуудад тулгуурлан хүлээн авдаг. Өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгосын тал Пхеньян цэргийн салбарын томоохон албан тушаалтнаа цаазаллаа хэмээн зарласан ч удалгүй тухайн албан тушаалтан нь өөр албан тушаалд томилогдсон болох нь батлагдаж байсан. Тэгвэл саяхан цаазаар авахуулсан байж болзошгүй Умард Солонгосын төрийн зөвлөлийн гишүүн Ким Ён Жины албан тушаалыг боловсролын сайдтай адилтган үзэж болох юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тэрбээр зургаадугаар сарын 15-ны өдөр Умард Солонгост Теаквандо үүссэний 50 жилийн ойн баярт оролцсон байна. Мөн түүнийг ямар шалтгаанаар цаазаар авсан тухай баттай мэдээлэл байхгүй. Ямартай ч Өмнөд Солонгосын тал Умардын залуу удирдагч Ким Чен Ун өөртэйгээ үзэл бодол таарахгүй хүмүүсийг хоморголон устгаж байна гэж буруутгажээ.
| Умард Солонгос төрийн дээд албан тушаалтнаа цаазаар авсан байж болзошгүй | ||
| Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.