ОХУ-ын Владивосток хотод Алс дорнодыг хөгжүүлэх эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа. Энэ чуулга уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Японы ерөнхий сайд Шинзо Абетэй уулзаж, санал бодлоо солилцсон байна.
Японы ерөнхий сайд уулзалтын дараа сэтгүүлдэд зориулсан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ хурлын үеэр Оросын төрийн тэргүүн энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Японы баруун зүгийн Ямагучи хотод албан ёсны айлчлал хийхээр болсон гэдгийг албан ёсоор зарлажээ. Хоёр орны төрийн тэргүүнүүд Японы нийслэл Токио хотод биш Ямагучи хотод уулзах болсон шалтгаанаа маргаантай асуудлуудаа ярьж хэлэлцэх, тайван газрыг хайсны эцэст ерөнхий сайдын төрөлх хот Ямагучиг сонгосон гэдгээ онцолсон байна.
Уулзалтын үеэр талууд дан ганц эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцоод зогсохгүй, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн асуудлуудыг давхар хөнджээ. Сирийн хямралыг хэрхэн энхийн арга замаар шийдэх, Украинд болж буй иргэний дайныг зогсоох зэрэг тулгамдсан асуудлыг харилцан ярилцсаны эцэст хоёр тал олон улсын тавцанд хамтран ажиллах хэрэгтэй гэдэг дээр санал нийлсэн байна. Японы тал Солонгосын хойгийн асуудлыг гаргаж ирэхэд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын цөмийн зэвсэг туршиж байгаа асуудлыг буруушааж байгаа гэдгээ илэрхийлжээ. Хоёр орны удирдагч энэ оны 11 дүгээр сард Перу улсад болох АПЕК-ийн чуулга уулзатын үеэр дахин нэг удаа нүүр тулан уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцохоор болсон гэдгийг ноён Шинзо Абе хурлын төгсгөлд мэдэгдлээ.
Олон улсын мэргэжилтнүүд хоёр талын энэ уулзалтаар ярилцсан гол сэдэв нь газар нутгийн маргаантай Курилын арлуудын талаар байсан байх хэмээн таамаглаж байгаа ч, ерөнхий сайд Шинзо Абе энэ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Тэгэхээр Куридлын арлуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар хоёр тал ямар нэгэн шийдэлд хүрээгүй байх хэмээн таамаглажээ.
| В.Путин Япон улсад айлчилна | ||
| Үзсэн: 1237 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.