Узбекстаны мөнхийн Ерөнхийлөгч Ислам Каримовын биеийн байдал эрс муудаж эмнэлэгт хүргээд байгаа талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр тус улсын Засгийн газар Ерөнхийлөгч Ислам Каримов 78 насандаа өөд болсон гэдгийг албан ёсоор зарлалаа.
Ислам Каримов 1989 оноос хойш Узбекстаны төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд 1991 онд ЗХУ задран унаж Узбекстан улс тусгаар тогтноход Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан байна. Түүнээс хойш 25 жилийн турш Узбекстан улсыг удирдан жолоодож байгаа юм.
Түүний явуулж байсан гадаад болон дотоод бодлогыг буруушааж, эсэргүүцэж байсан хүмүүс цөөнгүй байдаг ч, тэрбээр өөрийн орны гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй олон хүмүүс санал нийлдэг.
Узбекстан ОХУ болон Хятадтай маш сайн дипломат харилцаатайгаас гадна барууны орнуудтай үргэлж нээлттэй бодлого явуулдаг байсан. Одоо тус улсад тулгараад байгаа хамгийн гол асуудал бол түүний орыг хэн залгахыг шийдэх явдал юм. Учир нь Узбекстаны төрийн тэргүүн өөрийн залгамжлагчаа нэрлэж амжилгүй өөд болсон байна. Ерөнхийлөгч асан Каримовыг өвчтэй байхад улс орны асуудлыг Ерөнхий сайд Шайкат Мирзиёэв шийдэж байсан. Тэрбээр одоо өөд болсон Ерөнхийлөгчийн оршуулгын ажлыг зохион байгуулагч комиссын даргаар томилогдоод байна. Хэрэв Узбекстаны эрх баригч намууд хэнийг дараагийн Ерөнхийлөгчөөр тавих асуудлаа яаралтай шийдэхгүй бол улс төрийн тогтворгүй байдал үүсч, тус улсад нөлөө бүхий Исламын шашны террорист бүлэглэлүүдэд сайхан боломж олгох магадлалтайг олон улсын шинжээчид санууллаа. Гэхдээ улс төрийн нам болгон өөрийн хүнээ төрийн тэргүүнээр тавих хүсэлтэй байгаа тул энэ асуудал тийм амархан шийдэгдэхгүй бололтой. Тиймээс ерөнхийлөгч Ислам Каримовын үхэл тус улсын тогтвортой байдалд хүндээр тусч болзошгүй байна.
| Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов насан өөд болсныг зарлалаа | ||
| Үзсэн: 1500 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.