Шууд Chart

Хятадын удирдагч таад систем байрлуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ

2016-09-05 15:58:37

Хятадын удирдагч Си Зиньпин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужингаас эсэргүүцэн хамгаалах Америкийн таад системийг  байрлуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Хятадын Ханжоу хотод болж байгаа Их 20-ын дээд хэмжээний  уулзалтын  хүрээнд  Хятадын удирдагч Си Зиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч  Пак Гын Хе нарын уулзалт болсон  юм. Энэ тухай Хятадын удирдагч дээрх асуудлаарх байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ асуудлыг буруу зохицуулах нь  бүс нутаг  дахь  стратеги, тогтвортой байдлыг  хангахад  тус болохгүйн дээр  одоо байгаа сөргөлдөөнийг  улам  хүндрүүлж  мэдэхийг анхааруулсан байна. 

Өнгөрөгч долоодугаар сарын  8-нд  Өмнөд Солонгосын  батлан хамгаалах яамнаас Вашингтон, Сөүл өндөр технологийн таад системийг байрлуулах  асуудлаар  тохиролцоонд хүрснийг мэдээлсэн юм. Хятад улсаас гадна  ОХУ  энэ шийдвэрт нь  гүнээ  сэтгэл  зовниж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ стратеги аюулгүй  байдалд  ноцтой хор хохирол  үзүүлнэ гэж  үзэж байгааг мэдэгдэж байсан.  Мөн   Солонгосын  хойгийн байдал ч хүндэрч болзошгүй гэж  үзэж  байгааг  Оросын гадаад хэргийн яамны мэдэгдэлд  тэмдэглэсэн  байсан юм. АНУ Өмнөд Солонгосын  нутаг дэвсгэрт хамгийн орчин  үеийн, ийм системээ байрлуулах гэж байгаа нь  Умард  Солонгосын  пуужингийн болон цөмийн туршилтуудаас  Өмнөд Солонгосыг хамгаалах, хамтын аюулгүй  байдлын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой гэж мэдэгдсээр  ирсэн. Гэвч энэ нь бүс нутгийн гол тоглогч Хятадын  эрс эсэргүүцэлтэй тулгарсан. Хятадын  тал  үүнийг эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь мэдээж нутаг дэвсгэрт нь ойр  Зүүн Ази дахь стратегийн  тэнцвэрт байдал  алдагдахад  хүрнэ гэж  үзэж буйтай холбоотой. Олон улсын шинжээчдийн зарим нь Умардын туршилтууд АНУ-д Өмнөд  Солонгост пуужингаас эсэргүүцэн хамгаалах системтэй болох гэсэн  эртний санаархлаа  хэрэгжүүлэх боломжийг олголоо ч гэж тайлбарладаг.  Мөн Солонгосын хойгийн байдал  хурцадвал бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал улам гаарахын баталгаа нь  мөн л  энэ  болно гэж харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын удирдагч таад систем байрлуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [2.67.204.xxx] 2016-09-06 06:06
Umhuu hujaag odool ustgah htei

Бидэнтэй нэгдээрэй