Шууд Chart

Бразилд Ерөнхийлөгч Темерийг эсэргүүцэгчдийн жагсаал болсоор байна

2016-09-05 16:20:30

Бразилын  Ерөнхийлөгч асан Дилма  Руссеффийг  огцруулсныг  эсэргүүцэн  олон хотод  жагсаал цуглаан хийж байна. Хамгийн олон хүн  оролцсон  эсэргүүцлийн  арга  хэмжээ Сан Паулу, Рио-Де-Жанейро хотод болсон тухай зохион байгуулагчид нь мэдээллээ.

Түүнчлэн нийслэл Бразилиа хотод ч эсэргүүцлийн  жагсаал  болжээ. Жагсагчид  шинэ Ерөнхийлөгч Темерээс огцрохыг,  Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг нэн даруй зохион байгуулахыг  шаардаж  буй юм. Зарим жагсагч "Төрийн эргэлтэд үгүй гэж хэлцгээе" гэсэн уриа  лоозон барьцгаажээ. Тэд Дилма Руссефийг төрийн тэргүүний суудлаас  огцруулсан үйл явцыг төрийн эргэлт гэж  үзэж байгаа юм. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр Сан паулуд  болсон  жагсаалд  нийт 50 гаруй мянган хүн, Рио-Де- Жанейрод болсон жагсаалд 2000 хүн оролцсон байна.  Ерөнхийлөгч  Мишел  Темер Их хорийн  дээд хэмжээний  уулзалтад оролцохоор Хятадад айлчилж буй юм. Энэ айлчлалаасаа өмнөхөн  Засгийн газрыг эсэргүүцсэн  жагсаалыг  хэдхэн хүний байр  суурь гэж үзэж  байгаагаа илэрхийлж байсан юм.  Ерөнхийлөгч асан Дилма Руссеффт итгэл  хүлээлгэх эсэх  асуудлаарх  Сенатын санал хураалтыг  эсэргүүцэгчид  өнгөрсөн сарын 28-ны  өдрөөс хойш  өдөр  бүр  шахам жагсаал цуглаан зохион байгуулж байна. Эсэргүүцлийн тайван жагсаал  цуглаан үймээн  болон хувирсан тохиолдол ч хэд хэд гарч байсан юм.  Сан Паулуд наймдугаар сарын 31-ний  өдөр болсон эсэргүүцлийн  жагсаалын үеэр  бүлэг залуус  банкны  салбар,  автобусны буудал зэргийг эвдлэн сүйтгэж байсан юм.  Мөн жагсагчид  хууль сахиулагчдын  эсрэг  шил, чулуу нүүлгэн хариуд нь цагдаа нар  нулимс асгаруулагч хий  ашигласан  үймээн ч гарч байсан. Харин энэ сарын 1, 2-ны өдрийн жагсаалын үеэр  цагдаа нар  үймээн дэгдээсэн долоон хүнийг баривчлан саатуулсан  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилд Ерөнхийлөгч Темерийг эсэргүүцэгчдийн жагсаал болсоор байна   
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй