Шууд Chart

“Исламын улс” бүлэглэл цахим хуудас нээжээ

2016-09-07 16:46:05

"Исламын улс" террорист бүлэглэл өөрийн байнгын цахим хуудсыг нээсэн болохыг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд цохон тэмдэглэлээ. Тэд цахим хуудсаараа дамжуулан дэлхийн үнэнч Исламын шашинтнуудад хандан ариун Жихадын дайнд тэдэнтэй нэгдэж, бүх талаар туслахыг уриалжээ.

Өнгөрсөн даваа гарагт нээгдсэн "Румияах" хэмээх энэ цахим хуудсаар дамжуулан Англи, Франц, Герман, Орос, Турк, Индонези, Уйгар, Пашто гэсэн найман хэлээр "Исламын улс" террорист бүлэглэлийн үйл ажиллагаа, зорилго зарчмын талаар мэдээллүүдийг түгээх аж. Одоогийн байдлаар "Исламын улс" террорист бүлэглэлийн албан ёсны веб хаягт 38 хуудас материал багтаад байна. Тэдний дотор Австрали дахь Исламын террорист бүлэглэлийн нөлөө бүхий гишүүн Эззит Раад саяхан Сири улсад харамсалтайгаар амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Тиймээс өөрийн дэмжигчдэд хандан Австралид цуврал алан хядах ажиллагаа үйлдэхийг уриалсан байна.

Мөн тэдний гол бай нь Австралийн нэрийн хуудас болсон дуурийн театр, цэнгэлдэх хүрээлэнгүүд болохыг сануулжээ. Энэ мэдээллийн хариуд Австралийн Ерөнхий сайд Мальколм Тумбүүл тус улс терроризмтэй хийх тэмцлээ улам бүр өргөжүүлнэ гэдгээ амлаад, дэлхийн улс орнуудад хандан алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд нэгдэн нийлэхийг уриаллаа. Дэлхийн цөөнгүй орон өөрийн газар нутгаас "Исламын улс" террорист бүлэглэлийн цахим хуудас руу орох эрхийг хаана гэдгээ зарлаад байгаа.

Террорист бүлэглэл өөрийн үйл ажиллагааг харуулсан цахим хуудас нээсэн явдлыг мэргэжлийн хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Гэхдээ олон улсын цэргийн эвсэл тус алан хядах бүлэглэлийн эсрэг хийх тэмцлээ нэмэгдүүлж, тэдний хяналтад байсан Сири, Иракийн олон бүс нутгийг чөлөөлсөн явдал нь тэдэнд хүндээр тусч хүн хүч, хөрөнгө мөнгөний хомсдолд ороход хүргэсэн байж болох юм. Тиймээс дэлхий даяар амьдардаг Исламын шашинтнуудаас шууд тусламж хүсэх ийм арга замыг сонгосон байх гэж таамаглаж буй цэргийн шинжээч олон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Исламын улс” бүлэглэл цахим хуудас нээжээ   
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй