Бразилийн хоёр дахь том хот болох Сан Паулуд Ерөнхийлөгч Мишель Темерийг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болсоор байна. Жагсагчид Темерээс албан тушаалаасаа огцорч, нэн даруй ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахыг шаардаж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид дээрх шаардлага бүхий уриа лоозонгуудаа барин Паулиста өргөн чөлөөнөөс Ибирапуера цэцэрлэгт хүрээлэн хүргэдэг замаар жагсацгаасан байна.
Тус улсын парламентын дээд танхим буюу Холбооны сенатад болсон санал хураалтын дүнд төрийн тэргүүний суудлаас түр татгалзуулаад байсан Дилма Русефийг олонхийн саналаар огцруулаад байгаа юм. Тодруулбал, сенатын гишүүдийн 61 нь Дилма Русефийг огцруулах санал өгсөн бол 20 нь эсэргүүцсэн санал өгсөн байна. Энэ дагуу тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, дэд Ерөнхийлөгч Мишел Темер 2018 оныг дуустал улс орныг удирдахаар болж байна. Мөн сенатын танхим Русефт Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсны дараа төрд ажиллах эрхийг нь үлдээхээр шийдвэрлэсэн билээ. Өмнө нь сенатын гишүүд түүнийг огцруулахаар шийдвэрлэвэл төрийн албанд ажиллах эрх нь автоматаар найман жилээр хасагдахаар байсан юм. Гэвч Холбооны дээд шүүхийн дарга Левандовски энэ асуудлаар нэмэлт санал хураалт явуулахад хууль эрх зүйн хувьд саад байхгүйг мэдэгдсэнээр төрийн алба хаших эрхийг нь цуцлахгүй байхаар шийдэгдээд байна. Ерөнхийлөгч асан Русеф парламентад болсон итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалтыг парламентын төрийн эргэлт хэмээн нэрлээд улс төрийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж, улс орныг ард түмэн нь удирддаг болгохын төлөө ажиллах болно гэж амласан юм.
| Бразилийн шинэ Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн жагсаал үргэлжилсээр байна | ||
| Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.