Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон парламентын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, суудлаасаа огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрээ тайлбарлахдаа Их Британийн шинэ Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна. Мөн парламентын нийтийн танхимын гишүүний хувиар эсэргүүцэж байсан боловсролын системийн шинэтгэлийг сайд нар танхим хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай энэ шийдвэр нь холбоогүй гэдгийг онцлон хэлсэн байна.
Их Британид өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдөр болсон бүх нийтийн санал хураалтад оролцогчдын 52 хувь нь улс орноо Европын холбооны эгнээнээс гаргах нь зүйтэй гэж үзсэн. Харин Их Британи улс Европын Холбооны эгнээндээ үлдэх ёстой хэмээн сурталчилж байсан Ерөнхий сайд Кэмерон санал хураалтын дараа албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан билээ. Харин шинэ Ерөнхий сайдаар Тереза Мэй томилогдож, өнгөрсөн долоодугаар сарын 13-нд үүрэгт ажилдаа орсон юм.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Кэмерон олон нийтийн төлөө хүчин зүтгэж, олон улсын асуудлаарх байр сууриа байнга илэрхийлж байх болно гэдгээ мэдэгдсэн юм. Дэвид Кэмерон нь 2001 оноос хойш Оксфордшир мужийн Уитни тойргоос парламентад сонгогдож байсан юм. Түүний парламентын нийтийн танхимын гишүүний бүрэн эрх 2020 онд дуусах ёстой байсан билээ.
| Их Британийн Ерөнхий сайд асан парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа | ||
| Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.