![](/uploads/201609/news/thumb/35694f20d3b9d97f08219546714c5866_x3.jpg)
Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны дөрвөн банкнаас иргэдийн авсан зээл өнгөрөгч наймдугаар сарын эцсийн байдлаар 83 тэрбум төгрөгт хүрч, зээлийн үлдэгдэл урд оны энэ үеийнхээс 8.1 хувиар өссөн байгааг Дундговь аймаг дахь Монголбанкнаас мэдээллээ. 2011 онд нэг хүнд ногдох зээлийн хэмжээ 608 мянган төгрөг байсан бол 2015 оны байдлаар 1 сая 800 мянган төгрөг болж, энэ онд ч мөн дахин өсч гарахаар байгаа ажээ.
Энэ оны наймдугаар сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээл 560 сая төгрөг буюу урд оныхоос 45.7 хувиар, чанаргүй зээл нэг тэрбум болж, дөрвөн хувиар тус тус өссөн. Чанаргүй зээл дотор муу зээл 21 хувь, хэвийн бус зээл 47, эргэлзээтэй зээл 30 гаруй хувьтай байна.
Аймгийн нийт хүн амын 31.9 хувь, аж ахуйн нэгжийн 12 хувь арилжааны банкнаас зээл авсан бөгөөд зээлийн бүтцийг үзэхэд, хамгийн их буюу 36 хувийг цалингийн зээл эзэлж байна. Цалингийн зээл авах боломжтой нийт иргэдийн 67 хувь нь зээл авчээ.
Малчны зээл 24 хувьтай байгаа бол тэтгэврийн зээл 12, бизнесийн зээл 10, хадгаламж барьцаалсан зээл дөрвөн хувийг тус тус эзэлж байна.
2013 оноос ипотекийн зээл өссөн үзүүлэлттэй явж байгаа. Одоогийн байдлаар 17.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 589 иргэн 60-340 сарын хугацаатайгаар авсан бөгөөд зээлийн тавь гаруй хувь нь МИК-т шилжсэн байна.
Зээл ийнхүү өссөнтэй зэрэгцэн иргэдийн хадгаламж мөн 31 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны наймдугаар сарынхаас 15.3 хувиар өссөн байна. Үүний 80 гаруй хувь нь хугацаатай хадгаламж байгаа бөгөөд энэ нь мөн 11.7 хувиар өсчээ.
Т. Отгонтуяа
Хугацаа хэтэрсэн зээл урд оныхоос 47 хувиар өсчээ | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.