Шууд Chart

Ховд аймагт мялзан төст өвчин гарч, хөл хорио тогтоолоо

2016-09-13 17:08:48

Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Аймгийн хэмжээнд одоогоор 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65870 гаруй мал гоц халдварт мялзан төст өвчнөөр өвчилж, 11632  толгой мал үхсэн байна. Нөхцөл байдал даамжирч байгаа учраас Улсын онцгой комиссын баг орон нутагт ажиллаж тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжуудыг гарган холбогдох байгууллага, хэлтэс, агентлагууд ажилдаа ороод байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан 10 хоногийн хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглоод байгаа юм. Үүний улмаас сургууль, цэцэрлэг, айл өрхүүдийн мах, сүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэх учраас эрүүл бүсээс, мах, сүүг нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Бог малын мялзан төст  өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон  бүхий л боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан төст өвчнөөр голдуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ, үхэр, гахай өвчлөх магадлалтай юм. Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул, буйл, хэл, толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг илэрч өвчилдөг байна. Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт өнгөрсөн гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор  мялзан төст өвчин болохыг нь тогтоосныг албаны хүн хэлж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг малын өвчний тархалт, эдгэрэлт, вакцинжуулалтын ажилтай уялдуулан бууруулах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймагт мялзан төст өвчин гарч, хөл хорио тогтоолоо  
Үзсэн: 1490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй