АНУ-ын Нью-Иорк хотод НҮБ-ын 71 дэх ерөнхий ассамблей хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хуралд дэлхийн 193 орны төлөөлөгчид оролцож байгаа бол хурлын даргаар саяхан энэ хариуцлагатай ажлыг хүлээн авсан Фижи арлын дипломатч асан Петер Томпсон ажиллаж байна.
Нэгдсэн ассамблейн чуулга уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үг хэлсэн юм. Тэрбээр дэлхийн олон орны удирдагчдад хандан шударга бус байдалтай хэзээ ч эвлэрэхгүй байхыг уриалаад байгалийн болон бусад аюул заналхийлэлд өртсөн орнуудад тусламжийн гараа сунгаж байх хэрэгтэйг санууллаа. Чуулга уулзалтын хөтөлбөрийн дагуу энэ сарын 20-ны өдөр дэлхийн тэргүүлэх орны удирдагчид олон улсад тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөх болно. Энэ өдөр үг хэлэх АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европ тивийг дараад байгаа цагаач, дүрвэгчдийн асуудлыг хөндөх төлөвтэй байна. Харин Их Британийн шинэхэн Ерөнхий сайд Тереза Мей Европын холбооны аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх магадлал өндөр байгаа юм.
Ерөнхий ассамблейн сайд нарын түвшний уулзалтаар Сирийн хямралыг энхийн арга замаар шийдвэрлэх асуудлыг ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар цаг үетэй холбоотой нэгэн чухал асуудлыг хэлэлцэх шаардлага гарсан гэдгийг уулзалтыг зохион байгуулагчид онцоллоо. Умард Солонгос улс саяхан цөмийн туршилт амжилттай хийж гүйцэтгэсэн нь олон улсын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн Пхеньяны энэ алхмыг дэлхий нийтээрээ хэлэлцэж, зохих хариуг барих хэрэгтэй гэдэгт цөөнгүй улс орон санал нийлжээ. Энэ удаагийн Ерөнхий ассамблейд Умард Солонгосын талаас Гадаад хэргийн сайд Ри Ёонг Хо оролцож байна.
| НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулган хуралдаж эхэллээ | ||
| Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.