Шууд Chart

Умард Солонгос цөмийн бөмбөг амжилттай туршсанаа тэмдэглэлээ

2016-09-14 16:28:33

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос улс цөмийн бөмбөгийн 5 дахь туршилтаа амжилттай хийсэн гэдгээ зарласан. Энэ үйл явдалтай холбогдуулан Пхеньянд олон нийтийн баярын жагсаал болсон байна. Жагсаалд Умард Солонгосын цэргийн өндөр албан тушаалтнууд оролцжээ.

Энэ баярын жагсаалыг нээж Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ки Нам үг хэлсэн байна. Тэрээр АНУ тэргүүтэй барууны орнууд болон тэдний хоточ нохой болсон Өмнөд Солонгос улс тэдний эсрэг байнга өдөөх хатгасан үйлдэл гаргаж байгаа явдлыг цаашид тэсэн тэвчиж чадахгүй гэдгийг цохон тэмдэглээд, хэрэгтэй үед тус улс өөрийн дайсандаа үхлийн цохилт өгөх чадвартай гэдгээ харуулсан явдалд нийт ард иргэддээ баяр хүргэжээ. Олон улсын байгууллагууд тэдний эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсны хариуг Пхеньян тэр дор нь өгч байсан гэдгийг мэдэгдлээ.

Түүнээс гадна Умард Солонгос улс өөрийн цөмийн хүчин чадлаа улам бүр нэмэгдүүлэх болно гэдгээ зарласан байна. Түүний энэ мэдэгдлийг жагсаалд оролцогчид алга ташин, уухайлан дэмжлээ. Умард Солонгосын тал цөмийн бөмбөг туршсан явдлыг дэлхийн олон орны удирдагчид тун таагүй хүлээн авсан байна. Саяхан нээлтээ хийсэн НҮБ-ын ерөнхий ассамблейн хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Умардын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг чангатгах боломжийг судлах явдал байх болно. АНУ болон Өмнөд Солонгосын батлан хамгаалах хүчнийхэн өөрсдийн хүчин чадлаа харуулахын тулд сүүлийн үеийн В-1 загварын стратегийн бөмбөгдөгч онгоцоор Умард Солонгосын хилийн ойролцоо байлдааны нислэг үйлдсэн болохыг бид та бүхэнд мэдээлж байсан. Хэрвээ сөргөлдөгч талууд ойрын үед хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа харилцан ярилцах замаар шийдэхгүй Солонгосын хойгийн хямрал улам бүр даамжрах болно гэдгийг олон улсын цэргийн мэргэжилтнүүд санууллаа.        

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос цөмийн бөмбөг амжилттай туршсанаа тэмдэглэлээ  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй