Эзэн богд Чингис хааны тэмцэн байгуулсан Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” хэмээх гайхамшигт судрыг ганц хувь хэвлэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барихаар болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Топкапы ордон музейд зочлохдоо уг музейн номын санд эх хувиараа хадгалагдаж байгаа “Судрын чуулган” номын цахим хувилбарыг хүлээн авсан нь манай соёлын түүхэн дэх чухал үйл явдал болсон. Энэ цахим эхийг цаасан дээр буулгаж ном болгон хэвлүүлэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 4 сард Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишигт үүрэг болгосны дагуу Анкара дахь манай улсын Элчин сайдын яамны ажилтнууд уг номыг хэвлүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Музейгээс авсан цахим эхийг шууд хэвлэх боломжгүй тул уг судрын 2276 хуудсыг компьютерээр нэг бүрчлэн засч, бүтэн хэлбэрт оруулсны дараа Анкара хотын нэгэн хэвлэлийн газраар 4 дэвтэр болгон зөвхөн нэг хувь хэвлүүлсэн байна. Рашид Фазлуллах Хамадани хэмээх Персийн эмч, эрдэмтний перс хэлээр бичсэн уг судрын өмнөх үгийг Анкарад суралцаж буй түүхч, докторант Д.Анхбаяр бичжээ. Анкара дахь ЭСЯ-ны ажилтнууд Турк Улс дахь Монголын түүхтэй холбоотой газар, хөшөө, дурсгалын талаар судалгаа хийж, ном, гэрэл зургийн цомог гаргахаар ажиллаж байгаа аж.
“Судрын чуулган”-ыг ганц хувь хэвлэж Ерөнхийлөгчид өргөн барина | ||
Үзсэн: 4186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.