Шууд Chart

Г.Цогтгэрэл: Би паралимпийн наадмаас эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн

2016-09-15 10:32:29

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа  Г.Цогтгэрэлтэй бид төрсөн нутагт нь ярилцсан юм. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн, Монголын Үндэсний шигшээ багийн паралимпийн хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер тэрбээр XV паралимпийн наадамд бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 буюу тэргэнцэртэй суугаа төрөлд тавдугаар байрт шалгараад байгаа. Тэрбээр Бразилийн цагаар есдүгээр сарын 15-нд зээрэнцэг шидэлтийн төрөлд дахин өрсөлдөнө.

-Анх яагаад паралимпийн спортоор хичээллэх болсон бэ?

-Би 2008 онд авто машины осолд орчихоод сэтгэлээр их унасан. Маш хүнд, бэртээгүй зүйл ховор байсан тул 14 удаа хагалгаанд орсон юм. Тэр үед хөл минь нэгэнт ч минийх биш боллоо. Одоо би юу хийх вэ гэж бодсон. Тэгээд 2012 оноос эхлэн спортоор хичээллэсэн дээ.

-Спортоор хичээллэснээр хойш таны бие махбодь, сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би 10 дугаар ангид сурч байсан хүүгээ дөрвөн жилийн өмнө зуурдаар алдсан. Тэр үед амьдрал дэндүү хатуу санагдаж байсан. Одоо би ганц охинтой. /Тэрбээр хүүгээ ярих үед хоолой нь зангирч, нулимс мэлмэрүүлэв/ Сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд энэ спортоор шуудраад  хичээллэж эхэлсэн. Тэгээд бэлтгэл сургуулилтаа хийгээд өөрөөсөө илүү энэ спортдоо цаг зав их гаргадаг болсон. Ер нь бол өөрийгөө ялах болон амьдралын хүнд бэрхийг даван туулах сэтгэлийн тэнхээг эндээс л олж авсан даа.

-Хэцүү санагдсан үедээ та өөрийгөө юу гэж зоригжуулдаг вэ?

-“Би чадна” гэж л боддог. Тэгж ч өөртөө хэлж, өөртөө итгэдэг. Бэлтгэл сургуулилт хийх үеэр маш их ядарч туйлдах нь бий. Тэр үед охин, хань хоёр минь надад туслаж, дэмждэг. Бас багш минь үргэлж урам зориг, эрч хүч хайрладаг. Эднийхээ хүчээр шантрахгүй явж байна даа.  

-Таны багшийгаа танилцуулаач?

-Миний багш Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар гэж мундаг хүн бий. Багш маань намайг уралдаан, тэмцээнд ороод амжилт гаргаж явах үеэс мэддэг болж, өөртөө шавь оруулсан юм. Багшийнхаа дэргэд очиж, олон улс, тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд бэлддэг.

-Гаргасан амжилтаасаа хуваалцаач?

-Улсын чанартай тэмцээн уралдаануудад байнга оролцож амжилт гаргаж байсан. Тиймдээ ч паралимпийн Монголын Үндэсний шигшээ багийн тамирчны нэг болж чадсан юм. Мөн 2013 онд "Монголын шилдэг тамирчин", 2013, 2014 оны "Аймгийн шилдгийн шилдэг тамирчин" болсон. Томоохон амжилтаас дурдвал,  Бээжингийн Гранпригаас алт, ОХУ-ын АШТ-ээс аваргын алтан медаль хүртэж байлаа. Мөн БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн аваргаас хүрэл медальтай ирсэн.

-Танд багшлах бодол бий юу?

-Тийм бодол байдаг. Хэрэв хэн нэгэн хүсвэл миний болон манай багшийн шавь болж болно. Гэхдээ би өөрийгөө одоохондоо багшлах болоогүй байх гэж бодож байна /инээв/. Хүн гэдэг амьтан чинь үхэн үхтлээ сурч, суралцаж явдаг шүү дээ.

-Та цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Би “Рио-2016” олимпоос эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн байгаа. “Чадна” гэж өөртөө маш их итгэж байна. Өдөр бүр 20 тоннын жинтэй зээрэнцэг, бөөрөнцгөөр жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа базаасан. Дасгал хийхдээ 5-15 кг жинтэй туухайг хойш, урагш хол зайд шидэх байдлаар бэлддэг. Эдгээр жин нь нэмсээр байгаад давтамжаараа 20 тоннын хүчний дасгал болдог юм.

-Өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хэмээн голж хаалганы цаана суугаа хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байхгүй. Хүний оюун санаа эрүүл л бол юуг ч хийж чадна. Манай багш надад ингэж хэлдэг. “Чи бол хөгжлийн бэрхшээлтэй хүн биш. Чи цоо эрүүл, бусдын л адил. Тиймээс чи шантралгүйгээр бэлтгэлээ хийх ёстой” гэж зөвлөдөг. Энэ үг надад маш их урам өгдөг. Тэгээд эцэст нь “Чи чадна, чи ялна” гэж хэлье дээ.

-Танд амжилт хүсье. Бразилийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад ирэхийг ерөөе.

-Та бүхэнд ч бас баярлалаа. Би хичээнэ ээ.  

Нийтэлсэн: О.Ундармаа

Г.Цогтгэрэл: Би паралимпийн наадмаас эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн  
Үзсэн: 2727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.113.xxx] 2016-09-21 18:00
ЗӨВ ШҮҮ
zochin [182.160.0.xxx] 2016-09-17 02:34
Bayr hurgie amjilt

Бидэнтэй нэгдээрэй