Шууд Chart

“Меранти” хуй салхи Хятадад хүрчээ

2016-09-15 12:29:02

"Меранти" нэртэй хуй салхи Филиппиний хойд хэсэгт үүсч, Тайванийн арлуудыг даван гарч, өнөөдөр үүрийн 03:00 цагт эх газрын Хятадын Фужиан мужид хүрсэн байна.

Хятадын Засгийн газар хуй салхи зүүн зүгийн Фужиан мужид хүрсэнтэй холбогдуулан онц байдал зарлаад байгаа юм. Орон нутгийн онцгой байдлын албаныхан "Меранти" хуй салхи нь эх газрын Хятадад их хэмжээний хур тунадас, хүчтэй салхи авчирч байгааг цохон тэмдэглээд, шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг нийт ард иргэддээ санууллаа.

Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар хуй салхины эргэлтийн хурд 170 км/цаг хүрч байгаа бол агаарын даралт нь 945 гекта паскаль байна. Хуй салхи өнгөрөн гарсан газруудад их хэмжээний хур тунадас унаж байгаа нь үер усны аюул дагуулаад зогсохгүй, хөрсний гулгалт үүсгэх магадлалтайг мэргэжлийн байгуулагууд анхаарууллаа. Одоогийн байдлаар хуй салхи хойд зүг рүү цагт 20 километрийн хурдтай явж байна. Хэрвээ хуй салхины замд томоохон хэмжээний хот, суурин газар таарвал хохирлын хэмжээ эрс нэмэгдэж болзошгүй юм.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас үрэгдээгүй байгаа ч хэд хэдэн суурин газар цахилгаангүй болоод байна. Мөн томоохон хотуудыг холбосон хурдны замуудыг түр хаахаас өөр аргагүй болжээ. "Меранти" хуй салхи нь энэ жил эх газрын Хятадад үүсч буй 13 дахь хуй салхи болж байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг 1.5 дахин нэмэгдсэн тоо юм байна. Сүүлийн үед дэлхий дахинд өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй их байгалийн гамшиг гарч байгаа нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой байх өндөр магадлалтайг мэргэжлийн байгууллагууд мэдэгдлээ.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Меранти” хуй салхи Хятадад хүрчээ  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй