АНУ, Ойрхи Дорнод дахь гол холбоотон орон Израйльтай 38 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа. Энэ гэрээ Израйлийн аюулгүй байдлыг улам бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама онцолсон байна. Энэхүү гэрээ байгуулагдсанаар ирэх 10 жилийн хугацаанд АНУ, Израйльд армийн тусламж, дэмжлэгийг үзүүлэх юм байна.
Дэлхийн тэргүүлэх гүрэн болох АНУ батлан хамгаалахын салбарт өмнө нь ийм том гэрээг байгуулж байгаагүй гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Талууд батлан хамгаалахын салбарт туслах тухай гэрээг байгуулах асуудлаар 10 сар хэлэлцээ хийсний эцэст Лхагва гарагт Вашингтон хотноо гарын үсэг зурсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үг хэлжээ. Тэрбээр санхүүгийн тусламж үзүүлэх гэрээ Израйлийн аюулгүй байдлыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Гэрээний дагуу Израйлийн тал батлан хамгаалах салбартаа зарцуулах зорилгоор жилд 3.8 тэрбум ам.долларыг АНУ-аас хүлээн авах юм байна. Үүнээс өмнө Вашингтон Израйльд жилд 3.1 тэрбум ам.долларыг цэргийн тусламж хэлбэрээр олгож иржээ.
2015 онд Америкийн конгресс пуужингаас хамгаалах системийг сайжруулах үүднээс Израйльд 620 сая ам.долларыг олгож байсан юм. Израйль Палестинаас эзлэн авсан газар нутаг дээрээ Еврейн суурин барих ажлыг үргэлжлүүлж байгаагаас үүдэн Барак Обамагийн засаг захиргаа шүүмжлэлд өртөж байгаа. Вашигтоноос Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Ньятаньяахугийн бодлого талуудын гэрээнд эрсдэл учруулж байгааг анхааруулж байсан. Гэвч энэ санал зөрөлдөөнийг үл харгалзан батлан хамгаалахын салбарт санхүүгийн тусламж үзүүлэх гэрээг ийнхүү байгуулж байна.
| АНУ, Израйль улс 38 тэрбум америк долларын гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.