Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Энэтхэг улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Шинэ Дели хотод Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүлээн авч уулзсан бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг дахин сэргээх нь чухал ач холбогдолтой үйл явдал болохыг цохон тэмдэглэжээ.
Хоёр орны төрийн тэргүүнүүд юуны түрүүнд терроризмтой тэмцэх хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, цаашид талууд алан хядах бүлэглэлүүдийн талаар мэдээлэл солилцох талаар түүхэн баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэтхэг, Афганистан улсуудад цөөнгүй тооны Исламын шашинт террорист бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулж, энгийн номхон ард иргэдийн дунд олон тооны алан хядах ажиллагаа явуулдаг нь хоёр орныг хамтран ажиллахад хүргэлээ гэж цөөнгүй мэргэжилтэн үзжээ.
Зөвхөн өнгөрсөн сард гэхэд Энэтхэгт алан хядах бүлэглэлүүдтэй хийх тэмцлийн улмаас 80 гаруй цэрэг, цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн гэсэн судалгаа бий. Энэтхэг, Афганистан улсууд терроризмтой тэмцэх үйл хэрэгт хамтран ажиллах болсон явдлыг АНУ тэргүүтэй барууны орнууд сайшаан хүлээж авлаа. Учир нь энэ хоёр улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Исламын шашны террорист бүлэглэлүүдийн төв нь хил залгаа Пакистан улсад байрладаг гэсэн таамаглал бий. Тиймээс хамтын дайсангаа устгахын тулд дээрх улсууд хамтран ажиллах шаардлагатай талаар гадны хөгжингүй улсууд удаа дараа сануулж байсан нь ийнхүү биелэлээ олжээ. Түүнээс гадна хоёр орны удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын тавцанд дуу хоолойгоо нэгтгэх гэсэн асуудлуудыг мөн хөндсөн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа Афганистан улсад бүх талаар туслах хүсэлтэй байгаагаа энэ уулзалтын үеэр мэдэгдээд, ирээдүйд тус хоёр улсыг урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байдгаа онцолжээ.
| Афганистаны Ерөнхийлөгч Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байна | ||
| Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.