Шууд Chart

Дональд Трамп цагаач дүрвэгчдийг хүлээн авахыг эрс эсэргүүцэв

2016-09-15 13:03:00

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс сонгуулийн сурталчилгааны компанит ажил ид үргэлжилж байгаа учраас нэр дэвшигчид олны саналыг өөртөө татахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна.

Саяхан Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп Европ тивийг дараад байгаа цагаач дүрвэгчдийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Обамагийн Засгийн газар санхүүгийн жилдээ багтаан 110 мянган цагаач, дүрвэгчийг хүлээн авна гэдгээ олон улсад зарласан. Тэгвэл нэр дэвшигч Дональд Трамп энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа гэдгээ цохон тэмдэглээд, АНУ-ын нутаг дэвсгэр дээр их хэмжээний Исламын шашинт иргэдийг авчрах шийдвэрийг  эртний түүхэн дэх Трой хотыг мөхөхөд хүргэсэн Трояны морьтой зүйрлэжээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Охайо мужийн Кантон хотод хийсэн хэвлэл мэдээллийн хурлын үеэр гаргасан байна. Сүүлийн үед Америкийн ард иргэдийн дунд нэр дэвшигч Дональд Трампийн нэр хүнд эрс өсч байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Учир нь одоогоос нэг жилийн өмнө ямар ч мэргэжлийн улс төрч хүний хийхгүй сонин содон, таамаглашгүй мөрийн хөтөлбөртэй Дональд Трампийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд ийм амжилт үзүүлнэ гэж таамаглаж байсан судлаачид тун бага байсан.

Ноён Дональд Трамп өөрийн өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгч байхад огт тохирохгүй хүн болохыг хурлын төгсгөлд цохон тэмдэглэлээ. Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон энэ сард Нью-Иоркод болсон есдүгээр сарын 11-ний дурсгалын арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас дуусгалгүй орхиж, өнөөдрийг хүртэл амралт авсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон. Түүний энэ байдлыг өрсөлдөгч Дональд Трамп өөрт ашигтай байдлаар ашиглаж, ийм эрүүл мэндийн байдалтай хүн дэлхийн хамгийн хүчирхэг улсыг удирдаж таарахгүй болохыг удаа дараа сануулаад байгаа. Түүний энэ мэдэгдлүүд Хилларигийн олон дэмжигчийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн болох нь сүүлийн судалгаагаар харагдсан. Нэр дэвшигчдийн өрсөлдөөн цаашдаа улам ширүүсэх болно.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп цагаач дүрвэгчдийг хүлээн авахыг эрс эсэргүүцэв  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй