Шууд Chart

Гималайн нуруунд орших "Спити" тосгоныг үзэх хүсэлтэй жуулчдын тоо нэмэгджээ

2016-09-15 13:09:14

Энэтхэг улсын Гималайн нуруунд орших "Спити" тосгон нь 1990 оныг хүртэл гадны ертөнцөөс тусгаарлагдмал оршин тогтнож, бүх хэрэгцээгээ өөрсдөө хангаж ирсэн газар юм. Тэдний өвөрмөц амьдралын хэв маягийг судлах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг "Ассошиэтед Пресс" агентлаг уламжиллаа.

Адал явдалт аяллын салбар дэлхий дахинд эрэлт ихтэй байгаа явдлыг Энэтхэгийн Засгийн газар тун чадварлаг ашиглаж чадсаны үр дүнд тус улсын соёл иргэншлээс алслагдмал энэ бүс нутаг, одоо аялал жуулчлалын хамгийн эрэлттэй газруудын нэг болон хөгжжээ. Далайн түвшнээс 4000 метрийн дээр, Гималайн нуруун дээр амьдарна гэдэг хүндхэн даалгавар болохыг мэргэжилтнүүд онцолсон байна.

Энэ нутагт хүчилтөрөгч муутай, газар нь чулуурхаг учраас хэдхэн төрлийн хүнсний ногоо ургадгаас гадна ямаа, сарлагнаас өөр амьтан тэжээхэд туйлын тохиромжгүй байдаг юм.  Түүнээс гадна жилийн ихэнх улиралд хүйтэн сэрүүн уур амьсгалтай байдаг тул байнга ургац авах боломж байдаггүй гэнэ. Харин 1990 оноос Энэтхэгийн Засгийн газар тус бүс нутагт адал явдалт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шийдвэр гаргасан нь орон нутгийн ард иргэдийн амьдралыг эрс өөрчилсөн байна. Зөвхөн эхний жилд гэхэд гадны 1000 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн бол Энэтхэгийн олон мянган иргэн Гималайн нуруун дахь өвөрмөц амьдралын хэв маягийг үзэж сонирхжээ.

Адал явдалт аялал жуулчлалын салбарын бас нэг давуу тал нь Засгийн газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт шаарддаггүй бөгөөд аялагчид байгалийн үзэсгэлэнт нутгийг, тэнд оршин суугчидтай нь яг байгаагаар нь үзэхийг хүсдэг учраас юуг ч өөрчлөх шаардлагагүй байдаг юм. Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр Энэтхэгийн алс хязгаар нутгийн ард иргэдийн амьдрал эрс сайжирчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гималайн нуруунд орших "Спити" тосгоныг үзэх хүсэлтэй жуулчдын тоо нэмэгджээ  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй