Хятад, Япон улсын хамгийн маргаантай асуудал нь далай тэнгисийн хилийн асуудал байдаг. Энэ хоёр орны хооронд эртнээс газар нутгийн маргаан эхэлсэн бөгөөд саяхан хоёр талын эрх бүхий этгээдүүд далай тэнгисийн усан хилтэй холбоотой маргаантай асуудлаа ярилцахаар уулзсан байна.
Уулзалт Японы Хирошима хотод хоёр өдрийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр тал далай тэнгисийн усан хилээ эцэслэн тогтоох, сүүлийн үед хэд хэдэн удаа гараад байгаа усан хилийн эргүүлийн сөргөлдөөнийг таслан зогсоох асуудлыг голчлон хөнджээ. Түүнээс гадна зүүн Хятадын тэнгист хамтран байгалийн хий олборлох асуудлыг хэлэлцсэн байна. Талууд усан хилээ эцэслэн тогтоох асуудал дээр төдийлэн амжилт олоогүй ч байгалийн хий хамтран олборлох тал дээр хэд хэдэн ахицтай алхам хийсэн гэдгийг хуралд оролцогчид цохон тэмдэглэлээ. Гэхдээ энэ нь хоёр орон удахгүй энэ салбарт хамтран ажиллана гэсэн үг биш юм. Цаашид нилээдгүй ажлыг хийж байж энэ тохиролцоонд хүрэх бололтой. Олон улсын байгууллагууд хэдийгээр тодорхой үр дүнд хүрч чадаагүй ч Япон, Хятад улсууд асуудлаа эвийн замаар шийдвэрлэхээр хичээж байгаа явдалд баяр хүргэсэн байна. Тиймээс цаашдаа энэ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын газрын зурагт томоохон өөрчлөлтүүд орсон байдаг. Ялсан холбоотны хүчнийхэн өөрсдийн ашиг сонирхлын дагуу дэлхийн газрын зургийн дахин өөрчилсөн нь 1990 онд ЗХУ задран унаснаас хойш олон оронд газар нутгийн маргаантай асуудлыг дахин хөндөх боломжийг олгосон. Тэдний нэг болох Япон улс нь Хятад, Орос улсуудтай энэ талаар тохиролцоонд хүрэх гэж 25 гаруй жил оролдож байгаа ч одоогоор ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.
| Хятад, Япон далай тэнгисийн маргаантай асуудлаар уулзалдлаа | ||
| Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.