Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын эзэн хаан Акихитогийн хаан ширээгээ өөрийн ууган хүүдээ хүлээлгэн өгөх хүсэлтийг магадлах албан ёсны комисс байгуулах шийдвэрт хүрсэн гэдгээ өнөөдөр зарлалаа. Өдгөө 82 настай эзэн хаан Акихито энэ хүсэлтээ өөрийн эрүүл мэндтэй холбон тайлбарласан юм.
Өнгөрсөн наймдугаар сарын 8-ны өдөр эзэн хаан Акихито өөрийн ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн. Тэрбээр ард түмэндээ цагийн үеийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээллүүдийг хүргээд, өөрөө өндөр настай болсон учраас төрийн өдөр тутмын ачаалалтай ажлыг гүйцэтгэхэд улам бүр хүнд болж байгаа тул өөрийн ууган хүүд хаан ширээгээ насан өөд болохоосоо өмнө хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаагаа уламжилсан. Японы үндсэн хуулийн дагуу эзэн хаан насан өөд болтлоо хаан ширээнд залрах ёстой байдаг тул энэ асуудлыг олон нийт янз бүрийн байр суурьтай хүлээн авсан юм. Эзэн хааны хувьд Японы тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлэг тэмдэг учраас маш олон тооны төрийн арга хэмжээнд оролцох шаардлагатай болдог. Түүнээс гадна гадны улс орнуудад цөөнгүй тооны албан ёсны айлчлал хийх хэрэгтэй байдаг.
Энэ бүх ажлын ачаалал өндөр настай эзэн хааны биеийн байдалд муугаар нөлөөлж байгаа тул түүний энэ хүсэлтийг магадлан шалгах албан ёсны комисс байгуулах шийдвэрт хүрсэн гэдгээ Ерөнхий сайд сэтгүүлчдэд цохон тэмдэглэлээ. Зарим хэвлэл мэдээллийн албаны таамаглаж байгаагаар Засгийн газар эзэн хааны хүсэлтийг хүлээн авах өндөр магадлалтай байгаа гэнэ. Тиймээс энэ чухал шийдвэрийг ул суурьтай судлах мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн тусгай комисс байгуулахаар болсон байна. Хэрвээ тусгай комисс эзэн хааны хүсэлтийг хүлээн авах шийдвэр гаргавал энэ ондоо багтаан Япон улс шинэ эзэн хаантай болж магадгүй юм. Түүнээс гадна үндсэн хуулиндаа эзэн хааны гэр бүлтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлага гарах болно.
| Японы эзэн хааны ширээг хүүд нь залгамжлуулах эсэх асуудлыг шийднэ | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.