Шууд Chart

Хиллари Клинтон сонгуулийн компанит ажилдаа эргэн орлоо

2016-09-16 15:15:29

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сард болох гэж байгаатай холбогдуулан эрх баригч хоёр намын нэр дэвшигчид хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байна. Тэгвэл саяхан эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөө аваад байсан Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон компанит ажилдаа эргэн оржээ.   

Тэрбээр өнөөдөр өөрийн сонгуулийн компанит ажлын чухал мужуудын нэг болох Өмнө Коралинад энэ мэдэгдлээ хийсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон цугларсан олонд хандан сүүлийн хэд хоног улс төр, ажил хэргээс хол байсан явдал нь түүний хувьд сайхан амралт болсон гэдгийг цохон тэмдэглээд, одоо тэрээр шинэ эрч хүчээр сонгуулийн ажилдаа эргэн орж байгаагаа зарлажээ. Нэр дэвшигчийн хувьд өнгөрсөн ням гарагт Нью-Иорк хотод болсон есдүгээр сарын 11-ний террорист халдлагын улмаас амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд оролцож байгаад гэнэт бие нь муудаж арга хэмжээг дуусгалгүй орхин явсан. Түүний эрүүл мэндийн байдлыг шалгасан эмч нар хэд хоног амрахыг зөвлөснөөр дөрөв хоног сонгуулийн ажлаа орхин амарчээ.

Түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп Хиллари Клинтоны эрүүл мэндийн байдал нь түүнийг АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалыг хашихад тохирохгүй гэдгийг харуулсан болохыг тодотгоод түүний хувьд ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй учраас төрийн хариуцлагатай албан тушаалын хүнд ачааллыг даах чадвартай гэдгээ онцолсон байна. Тэрбумтан Дональд Трамп өөрийн хэлсэн үгний нотолгоо болгож эрүүл мэндийн цогц үзлэгээр орсон шинжилгээний хариугаа олон нийтэд ил болгожээ. Түүний энэ алхам нь Хиллари Клинтоны цөөнгүй тооны дэмжигчдийг өөртөө татах үндэс болсон юм. Хамгийн сүүлийн судалгаагаар сонгуульд санал өгөгчдийн 45.7 хувь нь Дональд Трампийг дэмжихээ илэрхийлсэн бол 44.2 хувь нь Хиллари Клинтоны талд санал өгчээ. Ингэснээр нэр дэвшигч Трамп анх удаа 1.5 хувийн саналаар тэргүүллийг хүртээд байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиллари Клинтон сонгуулийн компанит ажилдаа эргэн орлоо  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй