Шууд Chart

В.Путин ард иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа

2016-09-16 15:50:49

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нийт ард иргэддээ хандан ням гарагт болох Оросын төрийн ДУМ-ын сонгуульд идэвхтэй оролцож, өөрсдийн иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа. Энэ сарын 18-ны өдөр Оросын ард иргэд төрийн ДУМ-ын 450 гишүүнээ  сонгох юм.    

Оросын төрийн тэргүүн ард түмэндээ хандаж хэлэхдээ төрийн ДУМ-д нэр дэвшигч нам, эвслүүдийн сонгуулийн компанит ажил албан ёсоор дууссан болохыг цохон тэмдэглээд, тэднийг эгзэгтэй чухал цаг үеүд хүлээж байгаа тул мэргэн сонголт хийхийг уриалсан байна. Мөн сонголт хийхдээ намуудын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн  ажил мэргэжлийн туршлага, итгэл найдвар даах чадварыг анхаарах хэрэгтэйг санууллаа. Түүнээс гадна Оросын ард иргэд ирэх таван жилийн турш төрийн эрх барих удирдлагаа сонгох энэ удаагийн сонгуульд бүх нийтээрээ анхаарал хандуулах хэрэгтэйг онцолжээ.

Өмнөх сонгуульд Ерөнхийлөгч Владимир Путины тэргүүлдэг Нэгдсэн Орос нам үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Гэхдээ энэ жилийн хувьд ОХУ-ын эсрэг барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсны улмаас тус улсын эдийн засаг хүндхэн байдалд байгаа зэрэг нь сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүйг олон улсын шинжээчид сануулж байна. Гэхдээ сонгуулийн өмнөх судалгаагаар Нэгдсэн Орос намыг дэмжигчдийн тоо төдийлэн буураагүй болох нь харагдсан юм. Олон улсын сонгуулийн жишгийн дагуу манай хойд хөршид сонгуулийн өмнө ард олондоо өөрийн сонголтоо хийх боломжийг олгох үүднээс сонгуулийн өмнөх өдрүүдэд ямар нэгэн сонгуулийн сурталчилгаагүй, чимээгүй өдрүүд байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Тиймээс урт  удаан үргэлжилсэн сонгуулийн сурталчилгааны компанит ажлууд өнөөдрөөс эхлэн зогсох болно. Оросын ард түмэн ямар намд итгэл үзүүлж ирэх таван жилийн хугацаанд төр барих эрхийг олгох нь ирэх долоо хоногт тодорхой болох юм.        

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Путин ард иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй