Шууд Chart

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд АНУ, Канад, Кубад айлчилна

2016-09-17 15:16:23

БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцьян энэ сарын 18-28-ны өдрүүдэд АНУ, Канад, Куба зэрэг орнуудад урт хугацааны айлчлал хийх гэж байна. Тэрбээр АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож, олон улсын дэг журам, тогтвортой хөгжил, дэлхийн засаглалын асуудлаар Бээжингийн байр суурийг илэрхийлэхээс гадна Хятад улс Си Зиньпин даргын өнгөрсөн оны 70-р чуулганд өгсөн амлалт хэр биелэлттэй байгааг дэлхий дахинд тайлагнах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Өнгөрсөн оны ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд болсон НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтанд Хятадын дарга Си Зиньпин Хятад улс Өмнөд Өмнөд хамтын ажиллагааг дэмжих тусламжийн сан байгуулж, хөгжиж байгаа орнуудыг дэмжихэд 2 тэрбум америк доллар гаргахаа амласан. Мөн Хятад улс НҮБ-ын үйл хэргийг дэмжих зорилгоор Хятад-НҮБ-ын энх тайван, хөгжлийн санг 1 тэрбум америк долларын хөрөнгөтэйгээр, 10 жилийн хугацаатай байгуулах шийдвэрт хүрснээ зарлаж байсан юм. Энэ жил Хятад улс Тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнасан анхны улс болж магадгүй гэсэн таамаг их байна.

Харин Канадад тэрбээр Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой Оттава хотноо уулзалт хийж, Монтреалд хоёр улсын эдийн засаг, худалдааны чуулганд оролцох юм байна. Ли Кэцяны Канадад хийх энэ айлчлал сүүлийн 13 жилийн хугацаанд Хятадын ерөнхий сайдын Канадад хийсэн анхны айлчлал болно.

Мөн Ли Кэцян Бээжин, Хаванагийн хооронд 1960 онд дипломат харилцаа тогтсоноос хойш Куба улсад айлчилсан Хятадын анхны төрийн зөвлөлийн ерөнхий сайд болох юм. Тэрбээр Хаванад Кубын хувьсгалын эцэг Фидель Кастротой уулзалт хйиж магадгүй юм байна. Хятадын дарга нар 1993 оноос хойш Куба улсад бүгд наанадаж нэг удаа айлчилж байсан ч төрийн зөвлөлийн ерөнхий сайдын түвшинд нэг ч айлчлал хийж байгаагүй юм байна. Ли Кэцяны энэхүү түүхэн айлчлал улс төрийн харилцааг өргөжүүлээд зогсохгүй, худалдааны хамтын ажиллагааг тэлэх өндөр ач холбогдолтой болно гэж Хятадын ажиглагчид онцолж байна. Хятад, Кубын худалдаа эргэлт сүүлийн жилүүдэд 2 тэрбум америк доллар орчимд тогтворжсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд АНУ, Канад, Кубад айлчилна  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй