ОХУ-ын Төрийн Дум буюу парламентын доод танхимын сонгуулийн санал хураалт маргааш болох гэж байна. Оросын сонгогчдын ихэнх нь маргааш саналаа өгнө. Гэхдээ алслагдмал мужуудад саналыг аль эрт авчээ. Анх удаа ОХУ, 2014 онд Украинаас нэгтгэж авсан Крымд парламентын сонгууль явуулах гэж байгаа юм. Сонгогчид ирэх 5 жилд хууль тогтоох Парламентын доод танхим буюу Төрийн думын 450 гишүүнийг сонгоно. Энэ удаад Төрийн Думын гишүүдийн тал хувийг шууд сонгох бол үлдсэн хувийг намын жагсаалтаар сонгох юм байна. Энэ удаагийн сонгуульд улс төрийн 14 нам өрсөлдөж байгаагийн 2 нь Кремлийг эсэргүүцдэг нам юм. Оросын засгийн газар парламентын сонгуулийг зохион байгуулахад 11 тэрбум рубль буюу 170 сая америк долларыг хувиарлажээ.
Оросын төрийн думын өмнөх 2011 оны сонгуулиар будлиан гарч, улмаар Москвад олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэж байсан. ОХУ-ын ерөнхийлөгч парламентын сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард түмэндээ уриалсан байна.
ОХУ-ын одоогийн эрх баригч Нэгдсэн Орос нам 2011 оны сонгуулиар 49.32 хувийн саналаар ялалт байгуулж, төрийн думын нйит суудлын 53 хувь буюу 238 суудал авч байсан юм. Энэ удаагийн сонгуулиар Нэгдсэн Орос нам ялалт байгуулах магадлал илүү өндөр хувьтай байна. Гэхдээ сонгуулийн ирц өмнөх сонгуультай харьцуулахад арай бага байж магадгүй төлөв ажиглагдсан байна. Харин Украины засгийн газар Оросыг Крымын хойгт сонгууль явуулж байгааг эсэргүүцэж байна. Тухайлбал ОХУ-ын сонгуулийн санал хураалтыг Украинд явуулахгүй, түүгээр ч зогсохгүй Оросын элчин сайдын яам болон консулын газарт санал хураалт явуулахыг зөвшөөрөхгүй гэж гадаад хэргийн яамны нь хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн гэж Өрнөдийн зарим хэвлэлд мэдээлж байна.

Украины парламент Рад улс орнуудыг ажиглагчаа Крымд болон Оросын сонгуулийн санал хураалт руу явуулахгүй байх, Крымд болох сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалжээ. Гэхдээ Орос улс санал авах байруудаа Украин дахь Оросын элчин сайдын яам болон консулын газарт байрлуулна гэж Оросын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Оросын сонгуулийн хорооны мэдээллээр Украинд Оросын 80 гаруй мянган иргэн амьдардаг юм байна. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 400 орчим ажиглагч Оросын Төрийн думын сонгуулийг ажиглаж байна. Тухайлбал тэд сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн бүртгэл, кампанит ажил хууль эрхзүйн орчинд явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж байна.
| ОХУ-ын Төрийн Думын сонгууль маргааш болно | ||
| Үзсэн: 1937 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.