Шууд Chart

Энэтхэг, Балбын Засгийн газрын тэргүүнүүд уулзлаа

2016-09-17 16:12:59

Энэтхэг, Балбын Засгийн газрын тэргүүн нар Шинэ Дэли хотноо албан ёсны хэлэлцээ хийж, үл итгэлцсэн он жилүүдийг ардаа орхиж, хоёр талын харилцааг сайжруулах цаг үе ирснийг харилцан тэмдэглэжээ.

Балбын шинээр сонгогдсон ерөнхий сайд Пушпа Камал Дахал Засгийн эрхийг авснаасаа хойших анхны гадаад айлчлалаа Энэтхэг улсад хийсэн байна. Хэлэлцээний дараах хамтарсан мэдэгдэлд дурдсанаар Энэтхэг улс өнгөрсөн оны газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод зориулж Балбад эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлэх амлалт өгсөн байна.

Балба улсад 2015 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 9000 гаруй хүн амь үрэгдсэн юм. Энэтхэгийн эдийн засгийн тусламжид тус улсын авто зам болон төмөр зам гэх мэт дэд бүтцийг сэргээн засах ажлууд багтсан байна. Мөн олон нийтийн эрүүл мэнд, боловсролын салбарт тусламж үзүүлэхээр Шинэ Дэли амлалт өгчээ. 

Өнгөрсөн онд Энэтхэгтэй ойр харилцаатай байдаг үндэсний цөөнхийн бүлэг Балбын шинэ үндсэн хуулийг эсэргүүцэж, эрх ашгийг нь хамгаалахгүй хууль баталлаа хэмээн бослого үймээн дэгдээснээс хойш Энэтхэг, Балбын харилцаа хүйтэрсэн юм. Энэ хугацаанд Хятад улс Балбад өөрийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд чамгүй хүчин чармайлт гаргасан байна. Тухайлбал Хятад улс Балбатай Төвд, Катмандуг холбох төмөр замы тавих тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Балба улс Хятадаас түлш шатахуун импортоор авах гэрээг үзэглээд байгаа юм. Ажиглагчид Энэтхэг улсыг Гималайн нурууны энэ улсад эдийн засгийн тусламж амлах замаар Балба дахь нөлөөгөө бэхжүүлэх арга зам эрэлхийлж байна гэж үзэх болсон. Ер нь сүүлийн саруудад Балбад оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалт өсөх хандлагатай болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг, Балбын Засгийн газрын тэргүүнүүд уулзлаа  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй