Өмнөд Суданы дайн мөргөлдөөнөөс дайжсан хүний тоо 1 саяд хүрсэн тухай НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдээлжээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын өчигдөр гаргасан тайлан мэдээнд Өмнөд Суданы дүрвэгчдэд олон улсын тусламжийг нэмэгдүүлэхийг уриалсан байна.
Мөн тус тайланд Өмнөд Суданы нийслэл Жуба хотод өнгөрсөн долоодугаар сард зэвсэгт мөргөлдөөн дахин эхэлснээс хойш 185 мянган хүн орон гэрээ орхин дайжсан болохыг онцолсон байна. Тэдгээр дүрвэгч иргэд хөрш орнууд ялангуяа Уганда, Кени зэрэг орнуудад толгой хоргодож байгаа бол дотооддоо 1.6 сая хүн дүрвэн суурьшиж байна. Хоол хүнсний хомсдолд орсон дүрвэгчдийн тоо улам нэмэгдэж, тэдэнд хоол хүнсний дэмжлэг үзүүлэх асуудал тун хүнд байгааг ч НҮБ-аас анхааруулж байна. Өмнөд Судан улс нь 2011 онд Судан улсаас тусгаар тогтнолоо зарласан. Гэвч 2 жилийн дараа тус улсад өрсөлдөгч бүлэглэлүүдийн хооронд дахин дайны гал асаж, улмаар нөхцөл байдал иргэний дайны түвшинд хүрээд байна.
2015 онд тэмцэгч хоёр тал энхийн гэрээнд хүрсэн боловч энэ оны долоодугаар сард дахинд зэвсэгт тэмцэл эхэлсэн нь ийнхүү тус улсын ард иргэд орон гэрээсээ дайжин, дотоод гадаадгүй дүрвэхэд хүргээд байна.
| Өмнөд Суданаас дайжсан хүний тоо саяд хүрчээ | ||
| Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.