БНХАУ, ОХУ-ын батлан хамгаалах яамныхан өмнө нь мэдэгдэж байсныхаа дагуу Өмнөд Хятадын тэнгист хамтарсан цэргийн сургууль хийжээ. Энэ сарын 12-нд эхэлсэн цэргийн сургуулилт нь хоёр орны хамтран хийж байгаа анхны ажиллагаа гэдгээрээ онцлог юм.
Хээрийн сургууль Хятадын Гуандун мужийн Занжианг хотоос эхэлсэн бол өнөөдөр мөн тус хотын ойролцоо өндөрлөх гэнэ.
АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар Оросын тал Хятадтай илүү нээлттэй гадаад бодлого явуулах болсон.
Хятад нь Оросын хамгийн том түншүүдийн нэг болсон учраас энэ хоёр орны гадаад харилцаа батлан хамгаалахын салбар мөн өргөжиж байгаагийн нэг том жишээ нь энэхүү сургууль боллоо гэж үзэх шинжээч цөөнгүй байна.
Өнгөрсөн долоодугаар сард манай улсад болсон АСЕМ-ын хурлын үеэр Европын холбоо Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгах болсноо зарласан явдалд Москва тун дурамжхан хандсан. Тиймээс Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж зарлаж, тухайн бүс нутагт хиймэл арлууд барьж эхэлсэн явдал барууны олон орны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан бол ОХУ Хятадын энэ шийдвэрт төдийлөн ач холбогдол өгөөгүй. Харин ч тус бүс нутагт хамтарсан цэргийн сургууль хийснээрээ Бээжингийн байр суурийг дэмжихэд бэлэн болохоо харуулсан байж болзошгүй юм.
Хэрвээ эдийн засаг, цэрэг зэвсгийн арвин нөөцтэй Орос, Хятад улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж эхэлбэл АНУ, Европын холбооны эсрэг зогсож чадахуйц холбоотнууд байж чадна гэж үзэх судлаач олон байна. Тиймээс АНУ тэргүүтэй барууны орнууд Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ эргэн нэг харах шаардлага гарч болзошгүй юм.
| БНХАУ, ОХУ-ын цэргийн хүчнийхэн хамтарсан сургууль хийлээ | ||
| Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.