Шууд Chart

Энэтхэгийн Кашмир мужид алан хядах ажиллагаа боллоо

2016-09-19 14:50:35

Энэтхэг улсын хамгийн аюултай бүс нутгуудын нэгд зүй ёсоор тооцогддог Кашмир муж дахь Ури хотын цэргийн бааз руу галт зэвсэг, тэсрэх бодисоор зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 17 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 30 гаруй хүн хүнд, хөнгөн шархадсан байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлагыг өнгөрсөн ням гарагийн үүр цайхаас өмнөхөн хийжээ. Гар бөмбөг, автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд цэргийн анги руу сэм нэвтэрсэн бөгөөд тухайн үед Энэтхэгийн Кашмир муж дахь цэргийн ангид олон тооны цэрэг цуглараад байсан тул шинээр ирсэн цэргүүд төв талбайд майхан барин амарч байжээ.

Алан хядагчид майханд амарч байсан цэргүүд рүү гар бөмбөг шидэж, автомат буугаар тасралтгүй гал нээсэн нь олон тооны цэргийн албан хаагч амь үрэгдэж, шархдах үндэс болсон байна.

Цэргийн ангийн харуул хамгаалалт тун муу байсан нь алан хядагчдад давуу боломж олгосон болохыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцоллоо.

Учир нь албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар халдлагыг дөрвөн алан хядагч үйлдсэн байх өндөр магадлалтай байна.

Байнгын газар нутгийн маргаантай байдаг Энэтхэг, Пакистаны хилийн төв цэг болсон Кашмир мужид үе үе тун аюултай нөхцөл байдал үүсдэг.

Одоогоор аль нэг террорист бүлэглэл энэ халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээгүй байгаа ч Энэтхэгийн цэргийн тусгай ажиллагааны төвийн захирагч дэслэгч генерал Ранбир Сингх энэ террорист халдлагад Пакистаны тал буруутай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнгөрсөн долоодугаар сард Энэтхэгийн Засгийн газрын хүчин тусгай ажиллагаа явуулж Пакистаны алан хядах бүлэглэлийн толгойлогчдын нэгийг устгаж чадсаны хариуг ингэж барьсан байж болох юм.

Ямартай ч Энэтхэгийн Засгийн газар Кашмир мужид онц байдал зарлаад байгаагаас гадна энэ балмад алан хядах ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдийг олж, зохих хариуцлагыг хүлээлгэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ зарлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн Кашмир мужид алан хядах ажиллагаа боллоо   
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй