Энэтхэг улсын Гималайн нуруунд орших Спити тосгон нь 1990 оныг хүртэл гадны ертөнцөөс тусгаарлагдмал оршин тогтнож, бүх хэрэгцээгээ өөрсдөө хангаж ирсэн гэдэг. Тэдний өвөрмөц амьдралын хэв маягийг судлах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг "Ассошиэтед Пресс" агентлаг уламжиллаа.
Адал явдалт аяллын салбар дэлхий дахинд эрэлт ихтэй байгааг Энэтхэгийн Засгийн газар тун чадварлаг ашиглаж чадсаны үр дүнд, соёл иргэншлээс алслагдмал дээрх бүс нутгийг аялал жуулчлалын хамгийн эрэлттэй газрын нэг болгон хөгжүүлжээ.
Далайн түвшнээс 4000 метрийн дээр, Гималайн нуруунд амьдарна гэдэг хүндхэн даалгавар болохыг мэргэжилтнүүд онцолсон байна.
Энэ нутагт хүчилтөрөгч муутай, газар нь чулуурхаг учраас хэдхэн төрлийн хүнсний ногоо ургадгаас гадна ямаа, сарлагнаас өөр амьтан тэжээхэд туйлын тохиромжгүй байдаг аж. Үүнээс гадна жилийн ихэнх улиралд хүйтэн сэрүүн уур амьсгалтай байдаг тул байнга ургац авах боломж байдаггүй гэнэ. Харин 1990 оноос Энэтхэгийн Засгийн газар тус бүс нутагт адал явдалт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шийдвэр гаргасан нь орон нутгийн ард иргэдийн амьдралыг эрс өөрчилсөн байна.
Зөвхөн эхний жилд гэхэд гадны мянга гаруй жуулчин хүрэлцэн ирсэн бол Энэтхэгийн олон мянган иргэн Гималайн нуруун дахь амьдралын өвөрмөц хэв маягийг үзэж сонирхжээ.
Адал явдалт аялал жуулчлалын салбарын бас нэг давуу тал нь Засгийн газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт шаарддаггүй бөгөөд аялагчид байгалийн үзэсгэлэнт нутгийг, тэнд оршин суугчидтай нь яг байгаагаар нь үзэхийг хүсдэг учраас юуг ч өөрчлөх шаардлагагүй байдаг юм.
Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр Энэтхэгийн алс хязгаар нутгийн ард иргэдийн амьдрал эрс сайжирчээ. Манай орны хувьд Энэтхэгийн энэ туршлагыг хэрэгжүүлж, цаатан түмнээ дэлхий дахинд сурталчлах өндөр боломж байгаа юм.
| Соёл иргэншлээс хол бүс нутгийг үзэх хүсэлтэй хүний тоо нэмэгдэж байна | ||
| Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.