АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүрэгт өнгөрсөн бямба гарагт дэлбэрэлт болсон талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл тухайн дэлбэрэлтийг гар аргаар хийсэн бөмбөгөөр үйлдсэн байж болзошгүйг албаны эх сурвалж цохон тэмдэглэлээ.
Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас 29 хүн хүнд, хөнгөн шархдаад байгаа болохыг эмнэлэгийн ажилтнууд мэдээлж байна.
Мэргэжлийн байгууллагууд хэргийн газрын үзлэгийг хийснийхээ дараа анхан шатны дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа.
Тэдний мэдээлж байгаагаар тэсрэх бөмбөгийн удирдлагын тодорхой хэсгийг дэлбэрэлтийн төвөөс 300 метрийн зайнаас олсон байна. Анхан шатны үзлэгээр тэсрэх бөмбөгийг гар утсаар идэвхжүүлсэн байх өндөр магадлалтай нь нотлогджээ.
Хяналтын камерын бичлэгийг нарийн шалгасны үр дүнд тэсрэх бөмбөгийг байрлуулсан гэмт этгээдийн хэн болохыг тогтоох боломжтойг мөн санууллаа.
Өнгөрсөн бямба гарагт Нью-Йорк хотын Нью Жерси дүүрэгт бас нэг дэлбэрэлт болсон. Энэ хоёр гэмт халдлага хоорондоо холбоотой, нэг хүн зохион байгуулсан байх магадлал өндөртэйг цагдаа, цэргийн мэргэжилтнүүд сануулж байна.
Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблей болж байгаатай холбогдуулан алан хядагчид дэлхийн улс орны удирдагчдад ийм байдлаар сануулга өгөх гэсэн байж болох юм.
Тус хотын цагдаагийн газрын дарга Жамес О’Нил дэлбэрэлт болсонтой холбогдуулан хотын хамгаалалтыг эрс чангатгасан болохыг цохон тэмдэглээд, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байгаа болохыг санууллаа. Тиймээс удахгүй гэмт этгээдүүдийг олж, зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
| Нью-Йоркод болсон дэлбэрэлтийг гар аргаар хийсэн бөмбөгөөр үйлдсэн байж болзошгүй | ||
| Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.