Аравдугаар сарын 3 дахь долоо хоногийн тойм мэдээг хүргэж байна. Нийгмийн салбар бүрт олон шинэ үйл явдал өрнөсэн өдрүүд байлаа. Нийгмийг хамарсан томоохон үйл явдлаар 2013 оны II ээлжийн цэрэг татлагын ажлыг онцолж байна. Оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 15-наас орон даяар өрнөж ЗХЖШ хууль дүрмийн дагуу бүхий л бэлтгэл ажлыг ханган шинэ цэрэг дайчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Намар цагийн оргил асуудал болох ургац хураалтын ажил 90 гаруй хувьтай явна. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байснаас тариалангийн бүс нутгуудаар үр тариа, хүнсний ногооны болцод сөргөөр нөлөөлж байсан ч ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж байгаа нь сайшаалтай. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр ургац хураалт энэ сарын 25-ны дотор дуусах юм. Цаг агаарын байдал эрс хүйтэрч эхэллээ. Өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй сайтар базаах нь холбогдох албаныхны гол ажил болон өрнөж байна. Тийм ч учраас дүүрэг бүр “Орон байраа дулаалцгаая” аянг зохион байгууллаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг 18-ны өдөр зохион байгууллаа. ЗАА-ны хэлтсүүд хийсэн ажлуудаа тайлагнаж иргэдэд хотын үйлчилгээтэй холбоотой олон асуултад хариулт авах боломж олгосныг онцолж байна. Казахстаны Алматы хотноо үргэлжилж байгаа дэлхийн аварга шалгаруулах сонирхогчдын боксын тэмцээнд ОУХМ Д.Отгондалай, Б.Түвшинбат, С.Эрдэнэбаяр нар өрсөлдөгчдөө ялж багийнхаа ялалтын буухиаг үргэлжлүүлж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ жүдочдын чансааг шинэчлэн гаргаж эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинг МУГТ Сайнжаргалын Ням-Очир, 66 кг-ийн жинг Даваадоржийн Төмөрхүлэг нар тэргүүлж, 60 кг-ийн жинд ОУХМ Дашдаваагийн Амартүвшин III байрт, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Мөнхбатын Уранцэцэг II байрт дэвшснийг дуулгахад таатай байна. Улаанбаатар хотноо “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн хэлэлцээрээр “Оюутолгой” төслийн хэтэрсэн зардлыг хоёр талаас нягтлах, ТЭЗҮ болон геологийн нөөцийг эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлж, бүртгүүлэх, төслийн нэмэлт санхүүжилтийг эргэж харах гэх мэт олон чухал асуудалд хоёр тал зөвшилцөн нэгдсэн ойлголтод хүрэх учиртай юм. Уулзалтад “Rio Tinto”-гийн Зэсийн группэд хариуцлагатай алба хашдаг эрхмүүд хүрэлцэн ирсэн байна. Хэлэлцээрийн талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд албан ёсоор өгөөгүй байна. Улс төрийн салбар энэ өдрүүдэд улсын төсвийн асуудлаар голчлон хуралдлаа. 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж дуусган хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох хороонд шилжүүллээ. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлгийг эхэллээ. Сайд Н.Алтанхуяг уламжлалт “Ерөнхий сайдын 30 минут", "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтаа хийж гадаад улсад суугаа элчин сайд нартай хийсэн цахим хурлаа тайлагналаа. Мөн сүүлийн таван жилд аймаг, орон нутагт хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт Чингис бондын хөрөнгөтэй тэнцэхүйц байгааг онцоллоо. Төрийн түгжрэлгүй үйлчилгээ буюу ТҮЦ машины хэрэглээ улам өргөжиж суурьлуулснаас хойш 280 мянган иргэн 30 гаруй мянган үйлчилгээ авсныг дуулгасан. Мөн үнэ тогтворжуулах асуудлаар бензиний үнэ тогтвортой байлгана гэснээрээ барьж чадсан, цементийн үнийг таван сар өсгөхгүй барьсан, махны үнийг бага хэмжээгээр нэмэгдүүлсэн, гурилын үнэ 100 хувь амжилтад хүрсэн гэж мэдэгдлээ. Улсын төсөв, хөрөнгө оруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийн асуудал ихээр хөндөгдсөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “алдаатай төсөв баталсан УИХ өөрөө хариуцлага үүрэх ёстой.Үүнийхээ төлөө би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад ч бэлэн байна” гэж хэлснийг, УИХ-ын дарга З.Энхболд “Төсвөө хэтрүүлсэн компаниудын жагсаалтыг гаргаж 77 хувь хэвлэж УИХ-ын гишүүдэд тарааж өг. 77 дахь хувийг нь Авлигатай тэмцэх газарт илгээж шалгуул” хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамд үүрэг болгосныг онцолж байна. ШӨХТГ-ын хэрэглэгчийн хэлтэс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай тухай гомдлын дагуу “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж иргэдийн гомдол үнэн болохыг батлав. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 10, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос 9 барааны үнэ зөрүүтэй болох нь тогтоогджээ. “Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, олон түрээслэгч эд бараагаараа хохирсон хэрэг гарсан. ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг хэргийг шалгаж өнгөрсөн хугацаанд 50 гаруй шинжилгээ, шалгалт хийсэн байна. Ингээд тус хэргийг энэ 7 хоногт Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүллээ. Харин түрээслэгчид шатсан байрыг цэвэрлэж хурдан хугацаанд ажлын байртай болох хүсэлтээ илэрхийлж хэвлэлийнхэнд хандлаа. Эцэст нь онцлоход Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ 7 хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсний дийлэнх нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ханджээ. Сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэг, сургууль анги засвар болон хуримтлалын мөнгө авч байгаа тухай иргэд гомдоллосон байна. Мөн эрүүл эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа, эмч нарын хүнд суртал, очер дараалал ихтэй, дугаар дууссан гэж иргэдийг буцаадаг гэх гомдол үргэлжилсээр. Нийслэлийн иргэд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, халаалт сайжруулах, тог цахилгааны тасалдлыг багасгах талаар санал, гудамжны гэрэл асахгүй, зам засварын ажил удаашралтай байна гэх гомдлыг “11 11” төвд хандан илэрхийлжээ. Мөн Замын-Үүдийн хилийн гуравын хаалтад өдөрт 100 биржийн бичиг өгч байгаа нь дараалал, хүлээлт ихээр үүсгэж байгаад жолооч нар бухимдалтай байгаагаа мэдэгдсэн байна.
7 хоногийн тойм | ||
Үзсэн: 3280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.