Шууд Chart

Япон улс олон улсын дүрвэгчдийн хямралыг зохицуулахад 2.8 тэрбум ам.доллар хандивлана

2016-09-20 12:05:54

Япон улс  ирэх 3 жилийн хугацаанд олон улсын дүрвэгсдийн хямралыг зохицуулахад  2.8 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдээд байна. НҮБ-ын  дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт дээр Японы Ерөнхий сайд  ийнхүү  мэдэгдсэний зэрэгцээ дэлхийн улс орнуудад хандаж хамтран ажиллахыг уриалсан юм.

Өчигдөр  Нью-Йорк  хотноо  НҮБ-аас зохион байгуулсан дүрвэгсдийн асуудлаарх анхны  гэж хэлж болох дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэ уулзалтад оролцогчид  дүрвэгсдийн эрхийг хамгаалах  тунхаг  бичгийг дэмжин баталсан  байна.  Энд  дайн дажин,  хүчирхийлэл,  өлсгөлөн,  ядуурал болон байгалийн гамшгаас болж  орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг хамгаалах арга хэмжээнүүдийг тусгаж  өгсөн  байна. Мөн дээд хэмжээний уулзалтад оролцогчид статусаас нь  үл  хамаарч бүх цагаач, дүрвэгсдийг хамгаалах үүрэг хүлээсэн  байна. Түүнчлэн цагаачлан дүрвэх шаардлагагүй болгохын тулд эх орондоо  амьдрах  нөхцлийг нь сайжруулж өгөх нь  эн тэргүүний  зорилт хэмээн  энэхүү тунхаг бичигт тэмдэглэсэн  байна.  Тунхаг  бичигт  цагаач дүрвэгсдийн  тоо өнөөдөр хүн  төрөлхтөний түүхэнд  тэмдэглэгдэхээр их болоод байгааг ч  өгүүлсэн  юм. 

2015 онд  цагаач  дүрвэгсдийн тоо  нийтдээ 244 саяд хүрсэн  байна.  Тэднээс 21 сая нь  дүрвэгч, 3 нь орох оронгүй болсон хүмүүс,  40 сая  нь дотооддоо  цагаачлагч  болохыг нь нарийвчлан  дэлгэсэн  байна. Харин  цагаач дүрвэгсдэд  туслах  арга хэмжээнүүдэд хэлний болон бусад  сургалтад хамруулах, сургуулийн насны бүх хүүхдүүдэд анхан болон дунд боловсрол олгох боломжоор хангах зэрэг орж байна.  

Дүрвэгсдийн эрхийг хамгаалах  тунхаг  бичгийн  дагуу НҮБ  “Хамтдаа хүндэтгэл, аюулгүй байдал, нэр хүндийг нь  дээдлэе” гэсэн  уриатай  компанит ажлыг  эхлүүлээд байгаа билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс олон улсын дүрвэгчдийн хямралыг зохицуулахад 2.8 тэрбум ам.доллар хандивлана   
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй