Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани өчигдөр Кубад айлчиллаа. Тэрбээр нэг өдрийн энэхүү айлчлалынхаа үеэр Кубын хувьсгалын удирдагч Фидел Кастро, төрийн зөвлөл, сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастро нартай уулзсан байна. Ираний Ерөнхийлөгч Венесуэл дэх айлчлалаасаа ийнхүү Кубад хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр Каракас хотноо болсон эвсэлд нэгдэх хөдөлгөөний 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Энэ дээд уулзалтын үеэр Иран улс Венесуэлд тус хөдөлгөөнийг тэргүүлэх эрхийг шилжүүлэн өгсөн аж.
Ираний Ерөнхийлөгч өчигдөр орой Нью-Йоркийг зориод байна. Тус хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71-р чуулган эхлээд байгаа. Маргааш тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэх бөгөөд Ираний Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс үгээ хэлэх ажээ. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд болох дээд хэмжээний уулзалтуудад оролцохын хамтаар 2 талын хэд хэдэн уулзалт хийх юм байна.
Куба Ираний харилцаа хамтын ажиллагааны тухайд өнгөрсөн наймдугаар сард 2 улсын гадаад хэргийн сайд нар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь 2 талын хамтын ажиллагааны шинэ эрин үеийн эхлэл болж байгааг талууд тэмдэглэж байсан билээ. Тэр үед Ираний бизнесийн 60 гаруй төлөөлөгч гадаад хэргийн сайдыг дагалдан Кубад айлчилсан юм.
Иран улс Латин Америкийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байгааг гадаад хэргийн яамнаас мэдэгдэж байсан. Энэ дагуу Ираний гадаад хэргийн сайд Жавад Зариф Кубаас Венесуэл, Чили, Эквадор, Боливи болон Никарагуа улсад айлчилж байсан юм.
| Иран улсын Ерөнхийлөгч Кубад айлчиллаа | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.