Тайванийн зүүн нутгийн Пиндун мужид Куросио гэж нэрийддэг далайн урсгалын тусламжтайгаар эрчим хүч гарган авах туршилтыг амжилттай хийж чаджээ. Далайн гүн дэх тусгай төхөөрөмж олон үйлдэлт тавцанд байрлан далайн урсгалын эрчим хүчийг цуглуулан цахилгаан болон хувиргадаг байна. Технологийн энэ дэвшил нь Тайванийн Сун Ят Сений үндэсний их сургуулийн дэд Ерөнхийлөгч, профессор Чен Ян И-гийн долоон жилийн туршилт судалгааны үр дүн юм. Өмнө нь далайн эрчим хүчийг цахилгаан болгон хувиргах туршилтууд бүгд амжилтгүй болж байсан юм байна.
Харин Чен профессорын баг 26.31 киловатт цахилгаан эрчим хүчийг 1.27 метр секундын хурдтай далайн урсгалаас гарган авч чаджээ. Мөн тус багийн бүтээсэн хөдөлгүүр нь 50 киловат эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Өвлийн улиралд далайн урсгалын хурд секундэд 0.45 метр болон буурдаг ч тус төхөөрөмж 60 цагийн туршид эрчим хүч үйлдвэрлэх чадалтай юм байна. Далайн давалгаа бол тогтвортой эх үүсвэр. Далайн урсгалын кинетикийн эрчим хүчийг механик эрчим хүч болгон хурааж улмаар цахилгаан үйлдвэрлэх боломж бүрдвэл сэргээгдэх эрчим хүчний бас нэгэн төрөл нь далайн урсгал, давалгаа болох юм.
Тайванийн эрдэмтэд цөмийн эрчим хүчний хэрэглээг бууруулж далайн урсгалаас гарган авсан цахилгаан эрчим хүчээр орлуулахыг ийнхүү чармайж байна. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчний ашиглалтыг тэг болтол бууруулахыг зорьж байгаагаа тэд ярьж байна. Тайвань нь Куросио гэж нэрлэгддэг далайн давалгаа, урсгалыг эрчим хүч болгох хамгийн тохиромжтой улс юм. Хэрэв амжилттай болсон энэ туршилтыг амьдралд хэрэгжүүлэх боломжтой болвол Тайванийн зүүн нутгийн эрэг дагуу ийм 10 хөдөлгүүрийг байрлуулахаар төлөвлөж буй юм байна. Эдгээр хөдөлгүүр нь атомын цахилгаан станцын үйлдвэрлэх хэмжээний буюу нэг гигавайт цахилгаан эрчим хүч гаргаж чадна гэж мэргэжилтнүүд баталж байна.
| Далайн давалгаанаас эрчим хүч гарган авч байна | ||
| Үзсэн: 2610 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.