Шууд Chart

Японы Ерөнхий сайд Умард Солонгосын асуудлаарх НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдааныг ахална

2016-09-22 12:41:42

Энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо үргэлжилж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс улс орнуудын төр засгийн тэргүүн нар ээлжит илтгэлээ тавьсаар байна. Тэгвэл өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн илтгэлдээ олон улсын анхаарлыг Умард Солонгосын зүг хандуулахыг уриаллаа. Түүний илтгэлийн эхэнд Умард Солонгосын цэргийн өдөөн хатгалгын эсрэг дорвитой алхам хийх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг Япон улс удирдан явуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Учир нь Умардын цөмийн болон пуужингийн удаа дараагийн туршилтууд нь олон улсад аюул учруулах  төлөвлөгөөний нэг хэсэг нь бөгөөд тун удахгүй энэ төлөвлөгөөндөө хүрэхээс өмнө олон улсын хамтын нийгэмлэгүүд хамтран хүчээ нэгтгэж үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм.

Мөн тэрбээр Япон улсын "шүдний өвчин" болсон далай тэнгисийн маргаантай асуудлуудын тухай ч өөрийн саналыг илэрхийллээ. Үүнд Хятадын зүүн болон өмнөд тэнгист явуулж байгаа ажиллагааг дурдахын зэрэгцээ бүх зүйл энх тайвнаар олон улсын хуулийн дагуу явагдах ёстой гэдгийг ч санууллаа. Түүний  илтгэлийн төгсгөлд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн тухай асуудал дурдагдлаа. Латин Америк болон Африкийн улс орнууд дэлхийн улс төр, эдийн засгийн асуудлаар зохих түвшний нөлөөлөлгүй байсаар ирснийг өөрчилж тэдний оролцоог нэмэгдүүлэхийг тэрбээр уриалсан юм.

Ерөнхий сайд Шинзо Абэ жил бүрийн  Ерөнхий Ассамблейн индэр дээрээс тавьдаг илтгэлдээ Умард Солонгосын тухай асуудал дэвшүүлэн дурддаг ч энэ удаад түүний илтгэлийн талаас илүү хувь нь энэ улстай холбоотой асуудлуудыг хөндсөн нь олон улсын анхаарлыг Умардын зүг чиглүүлэх гэсэн чармаалт байсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд Умард Солонгосын асуудлаарх НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдааныг ахална   
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй